Халтиргаа гулгаа их байгаагаас үүдэн энэ сарын 30-ны шөнө ГССҮТ дээр 102 хүн гэмтэж, бэртэж иржээ. Харин өглөөний байдлаар мөн олон тооны гэмтсэн иргэд дараалан зогсож байна. Тэд хоёр цаг хүлээсэн ч үзүүлж чадахгүй байгаадаа бухимдалтай байсан юм. НОБГ-аас халтирахгүй зөөлөн ултай гутал өмсөхийг иргэдэд зөвлөж байгаа. Учир нь сүүлийн 20 жил ороогүй их хэмжээний цас орсныг мэргэжилтнүүд хэлж буй юм.
ГССҮТ-ийн ачааллын талаар Хүлээн авах яаралтай тусламжийн их эмч М. Цэлмэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Өнөө өглөөнөөс авахуулаад л халтирч гэмтсэн өндөр настнууд их ирж байна. Гар болон мөчдийн гэмтэл их байгаа. Урагшаа халтирч унахдаа гараа тулж унасантай холбоотой шууны хугаралууд мөн их ирсэн. Өндөр настай хүмүүс гэрийнхээ урд халтиран унаж дунд чөмөг, түнхээ хугадсан байдалтай ирлээ. Одоогоор 2-3 хүн хэвтүүлсэн байгаа. Жилийн жилд цас орж эхлэх үетэй зэрэгцээд л ачаалал ихэсдэг гэсэн юм.
Явган хүний замыг стандарт бус материалаар хийж алдаа гаргасантай холбоотой иргэдийн халтирч унах дүр зураг олон харагдаж байгаа. Бид Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас энэ талаар тодруулахад,
Дан ганц төсвийн хөрөнгө, тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөрөөр бүх зам, ялангуяа явган хүний замыг халтиргаагүй болгоход тун хүндрэлтэй. Журамд ААН байгууллагууд ойр орчмын 50 метрийн тохижилт, ногоон байгууламж, халтиргаа гулгааг нь цэвэрлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн орчимд нь хэн нэгэн хальтирч унах, гэмтэж бэртэх тохиолдолд иргэн хохирлоо тухайн ААН-ээс нэхэмжлэх эрхтэй. Явган хүний замыг стандарт бус материалаар хийдэг алдаанууд гардаг байсан. Эдгээрийг шинэчлэх ажлууд маш эрчимтэй хийгдэж байгаа. Энэ онд 40 гаруй метр квадрат явган хүний замыг шинэчлэх ажил хийгдсэн байна. Төсөв мөнгө, хүн хүчний хувьд нэг дор бүгдийг нь шинэчлэх боломж байхгүй. Тиймээс үе шаттай хийж, шинэчлээд явна гэлээ.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд 195 тонн бодис, 42 тонн давс зарцуулсан байна. Манайд бодис цацдаг 13 машин байдаг. Өнгөрсөн оны үлдэгдэл дээр нэмж аваад 2077 тонн бодис, 380 тонн давсны нөөцтэй байгаа талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг хэлж байна. Мөн өчигдрийнх шиг хэмжээний цас есөн удаа орох юм бол хуримтлуулсан бодис, давсны хангамж хүрэлцэхгүй талаар ярилаа.