УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг асуудлаар мэдээллээ.
Тэрээр “НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монголд ажилласан. Энэ ажлын хэсэг маш ичмээр дүгнэлт гаргасан байна. “Монголд улсад хууль, хүний эрх гэж байна уу” гэх ноцтой дүгнэлт гарсан. Бид үүнийг зүгээр орхиж болохгүй юм.
2021 ОНД НИЙТ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 98.3 ХУВЬ НЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙГЭЭР ХИЙГДСЭН БАЙНА
НҮБ-ын шинжээчдийн хөндсөн ноцтой асуудлууд нь:
- Монгол улсад шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал онцгой тохиолдол гэхээс илүү жирийн үзэгдэл болсон байна.
- Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг байдал хэвшмэл болсон байна.
- Хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад учруулан тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх цуглаан, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлагдахад анхаарал хандуулахгүй бол маш ноцтой байдалд байна.
- 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99,3 хувь нь, 2021 онд 98,3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна.
- Мөрдөн байцаагч, прокурор нарыг хянан шийдвэрлэсэн хэргийнх тоогоор өрсөлдүүлж, сар бүрийн эцэст ялагч тодруулж, урамшуулал маягаар асуудлыг шийддэг практик тогтсон байна.
- Цар талхын үед бүх арга хэмжээг ковидоор далимдуулж хүмүүс тайван жагсах, эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх эрх чөлөөг хязгаарлахад ашигласан ёс зүйгүй зүйл юм зэрэг ичгэвтэр дүгнэлт гарсан байна.
МОНГОЛ УЛС ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга явуулж байна. Энэ санал, дүгнэлт үнэхээр ингэж газар авсан байгаа бол яаралтай үүнийг засварлахгүй бол 2023 оны есдүгээр сард энэ дүгнэлтийг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 94 дүгээр чуулганд хэлэлцэнэ. Хэрвээ яг энэ байдлаар хэлэлцвэл Монгол улс дэлхийн “шившиг” болно.
Монгол улс хүний эрхийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. УИХ-ын гишүүний хувьд Монгол улсын бүх хууль тогтоомжид хүний эрхийг дээдлэх чиглэлээр ямар зүйл, заалтууд дутуу байгаа талаар нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барихаар бэлтгэж байна” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.