1994 оны зун Их Британид жирийн л нэг дулаахан, таатай зуны өдрүүд үргэлжилж байсан. Харин тус оны зургаадугаар сарын сүүлээр болсон үйл явдал эзэнт гүрний анхаарлыг тэр чигт нь нэг сэдэвт хандуулсан үйл явдал болсон. Хунтайж Чарльз Диана гүнжтэй үүсгэсэн гэрлэлтдээ үнэнч бус байснаа санамсаргүйгээр илчилж байсан билээ. Энэ талаар бичсэн нэвтрүүлэг цацагдсан өдрөө 13 сая үзэгчдэд хүрч байсан юм. Эл явдлын дараа Диана нэгэн үдэшлэгт оролцохоор ирэхдээ мөрөө ил гаргасан, богино хар даашинз өмсөн ирснээр “тэсрэлт” хийсэн гэхэд буруудахгүй. Түүний энэ даашинзыг “өш хонзонгийн” даашинз гэж дэлхий дахинаа тодорхойлох болсон.
Кристина Стамболианы урласан коктейлийн даашинз нь Диана болон бусад хааны гэр бүлийнхний олон нийтийн өмнө өмсөж байсан хувцас, гоёлуудаас эрс ялгаатай байв. Гүнжийн стилист асан Анна Харви 2013 онд Их Британийн дөрөвдүгээр сувгаар гарсан "Диана гүнжийн даашинз: Дуудлага худалдаа" баримтат кинонд "Диана тэр үед сая доллар шиг харагдахыг хүссэн, тэгж ч чадсан” гэж хэлж байжээ. Ийнхүү 30 жилийн дараа буюу арваннэгдүгээр сарын 9-нд цацагдах Netflix-ийн Crown цувралын тавдугаар бүлэгт гүнжийн алдарт даашинз эргэн дэлгэцнээ амилах гэж байна. Диана гүнжийн 30-аад насны дүрийг бүтээх гэж буй Австралийн жүжигчин Элизабет Дебики энэ хэсгийн зураг авалтын талаар “жүжигчний минь ур чадварыг их сорьсон” гэж хуваалцжээ.
Эх сурвалж: CNN