Чи минь цэргээс халагдаад ирэхэд тэдэн хоног үлдлээ. Бушуухан нэг жил болоосой. Чамтайгаа уулзах юм сан.
Намайгаа хүлээн, догдлон суугаа чамдаа би хэчнээн гоё гэнэтийн бэлэг бэлдсэн гэж санана. Хурдхан халагдаж очоод, чамдаа гэрлэх санал тавих юм сан.
Биенээ хүлээсэн, нэгэн рүүгээ тэмүүлсэн хос. Санасан, хүлээсэн, догдолсон сар, өдрүүд. Аргамжаатай юм шиг санагдуулсан өдөр, хоногууд хөвөрсөөр нэг л мэдэхэд 356 болж, тэд уулзсан. Найз залуутайгаа хурдхан уулзахыг хүссэн бүсгүй. Бушуухан уулзаад, гэрлэх санал тавих сан гэж яарж, догдолсон залуу. Тэд уулзсан, болзоот залуу нь ирсэн даруйдаа олны өмнө гэрлэх санал тавьсан. Бүсгүй нь зөвшөөрсөн. Эгэл, энгийн хэрнээ амьдралын хамгийн гэгээлэг, романтик мөч. Одоо тэд гэгээн хайрынх нь баталгаа, илэрхийлэл болсон сүйн бөгжөө хуруундаа зүүн, дурсамж дүүрэн хуримын өдрөө сэтгэл догдлон хүлээж сууна.
Залуу хосыг О.Алтаншагай, Б.Долгор гэдэг. О.Алтаншагай цэргээс халагдаж ирэхдээ найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, гэнэтийн бэлэг барьсан романтик залуу. Б.Долгор найз залуугаа цэрэгт мордоход нь “Чамайг хүлээсэн 365 хоног” нэртэй пэйж хуудас нээн, хайртыгаа хүлээн, өдөр хоногийг тоолон суугаа талаараа чин сэтгэлийнхээ үгтэй пост, бичлэг нийтлэн хүлээсэн бүсгүй. Үүний сацуу хайр, сэтгэлээ бат бөх байхыг бэлгэдэн даалин оёод, найз залуудаа бэлэглэсэн гэнэ. Тэдэнтэй ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?
-Намайг Одбаярын Алтаншагай (О.А) гэдэг. Би 21 настай. Хэдхэн хоногийн өмнө цэргийн албаа хаагаад ирлээ. Хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсандаа маш их баяртай байна. Зөвшөөрсөнд нь бүр ч их баяртай байгаа.
-Намайг Баянмөнхийн Долгор гэдэг. Би 19 настай. “Их засаг” их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурдаг. Хоёрдугаар дамжааны оюутан. Найз залуугаа нэг жил хүлээсэн охин байна.
-Пэйж хуудас нээн, найз залуугаа хүлээж, догдолж буй талаараа бичих, цэргээс халагдаж ирээд найз бүсгүйдээ гэрлэх санал тавих санаа та хоёрт хэрхэн төрсөн бэ. Энэ талаар өмнө нь хоорондоо ярилцаж байсан уу?
О.А:- “Хайр нь одоо цэрэгт явна. Миний хайр жилийн хугацаанд хүлээж чадах уу” гээд бид хоёр нэг шөнө ярилцсан юм. Тэгэхэд “Чадна аа. Би чамайг явсны дараа гоё пэйж хуудас нээгээд, хамт байсан үеийнхээ бичлэгүүдийг оруулаад, чамайг санахаараа харж байна” гэсэн.
Б.Д:- Найз залуугаа бүтэн жил хүлээнээ, уулзаж чадахгүй гэж бодохоор 365 хоног надад үнэхээр урт санагдсан. Тэгээд "Чамайг хүлээсэн 365 хоног” гэдэг нэртэй пэйж хуудас нээн, чин сэтгэлийн үгээ, хоёулаа авхуулсан зураг, дурсамж дүүрэн бичлэгнүүдийнхээ хамт нийтлээд хүлээхээр шийдсэн юм. Хамгийн анх нэг бамбарууш тэвэрч байгаад “Найз залуугаа хүлээж байна. Найз залуугийнхаа цамц, үнэртэй усыг нь авч үлдээд, ингэж сэтгэлээ тайтгаруулж байна” гээд влог оруулсан. Тэр бичлэгийг хүмүүс аймар их үзсэн нь надад урам өгсөн, сайхан санагдсан. Үнэндээ камерны өмнө ярина, түүнийгээ цахим хуудсандаа нийтлэхээс анхандаа их ичдэг байлаа. Сүүлдээ сурчихдаг, дасчихдаг юм байна лээ.
О.А:- “Миний хайр цэрэгт явлаа. Одоо халагдаж ирэхэд 364 өдөр үлдлээ” гээд яг маргааш нь бичлэг хийгээд нийтлэсэн байсан. “Миний хайр ирэхэд 11 сар үлдлээ, 10 сар үлдлээ, есөн сар үлдлээ” гээд сар болгон хийдэг байсан юм байна лээ. Би үүнийг нь очсон даруйдаа мэдээгүй. Учир нь цэрэгт фэйсбүүкт орох боломжгүй. Энэ талаар анх мэдэхэд мэдээж гоё санагдалгүй яах вэ. Ангийн дарга, албаны хүмүүс “Танай найз охин шинэ зураг, бичлэг оруулсан байна лээ. Чамд ийм их хайртай, халамжтай, сэтгэлтэй охиныг битгий гомдоогоорой” гэдэг байв.
Б.Д:- Найз залуудаа захиа илгээх, ирэх мэдрэмж хамгийн гоё.
-Явуулсан захианых нь хариу хэр удаж ирдэг байв?
Б.Д:- Лав сар гаруй болно. Сүүлдээ Шагайгийн цэргийн ангийнхан намайг таньдаг болчихсон гэсэн.
О.А:- Манай ангийнхан Долгорыг надаас илүү таньдаг болсон (инээв). Захиа явуулахаар нь надад хурдан өгчих юм сан, хариуг нь хурдан явуулах сан гэж яардаг болсон гэнэ лээ.
Б.Д:- Захианы хариу хэзээ ирэх бол гээд догдлох үнэхээр гоё. Шагайд захиа явуулахдаа зурагнуудаа гарын алганд багтах хэмжээнд угаалгаад, хамт илгээдэг байсан. Тэгээд л хариу ирэхээр нь уншиж, уйлаад…
Нээрэн, би найз залуугаа хүлээх зуураа даалин оёсон. Даалин оёхоор гэр бүл салдаггүй, бат бөх байдаг гэдэг. Үүнийг нь бэлгэшээгээд.
О.А:- Тэгэх тусам би улам догдлоод, хурдхан ирээд гэрлэх санал тавих сан гэж яарлаа.
-Сүйн бөгжнөөс авхуулаад хэрэгтэй зүйлсээ цэрэгт явахаасаа өмнө бэлдчихсэн байсан юм уу?
-Тэгсэн. Цэрэгт явахаасаа өмнө Долгорт үнэхээр их дасчихсан, хайртай болчихсон, түүнгүйгээр байж чадахгүй юм шиг санагдаж байв. Тиймээс найзууддаа “За, найз нь цэрэгт явлаа. Цэргээс ирэнгүүтээ талбай дээр буугаад жагсахдаа олон хүмүүсийн дэргэд хайртай бүсгүйдээ “Эхнэр минь болооч” гээд гэрлэх санал тавих гэсэн юм. Миний найзууд туслаарай. Бөгж, цэцэг гээд хэрэгтэй юмнуудыг маань бэлдэж байгаараа” гэсэн. Тэгээд Долгорт мэдэгдэлгүйгээр хурууных нь хэмжээг авч өгөөд явсан юм л даа.
-Найз бүсгүйдээ гэрлэх санал тавих хүсэлтэйгээ ангийн удирдлагадаа хэлэхэд хэрхэн хүлээж авав. “Зөвшөөрөхгүй бол төлөвлөсөн зүйл талаар болох нь” гэж санаа зовсон уу?
О.А:- Ангийн захирагч намайг дуудаад “Алтаншагай чи найз охиноо гуйх гэж байгаа юм байна, тийм үү” гэж асуусан. Би “Тийм ээ” гэлээ. Тэгсэн чинь “За, би саналыг нь Анхбаяр ахмадад уламжлаад, боломжоороо дэмжинэ” гэсэн. Тэгээд л хурдан очихыг сон гээд яарлаа.
Цэргээс халагдаж ирээд, бусад цэргүүдийн хамт талбай дээр жагсаж байв. Найз охиноо хараад өөрийн эрхгүй уйлчихсан.
Б.Д:- Би догдолсондоо ирнэ гэснээс хоёр цагийн өмнө очоод хүлээсэн. Пладжтай очсон чинь даараад, цэргүүд ирдэггүй ээ. Тэгэхээр нь гэртээ ирж, хувцсаа сольж өмчсөхөөд очив. Дахиад цаг гаруй хүлээсний дараа ирсэн.
Нэг дарга нь “Долгор оо, нааш ир. Энд зогс” гэсэн. Би очоод зогсов. Шагай жагсаалаа гарч ирснээ надад гэрлэх санал тавиад, би уйлаад.
О.А:- Намайг яг миний ээж шиг халамжилдаг, бүх юмаа надад зориулдаг, өөрөө даараад, өлсөж байсан ч “Миний хайр л болж байвал хамаагүй” гэсэн сэтгэлээр ханддаг хүн маань миний хань боллоо, гэрлэх саналыг маань зөвшөөрлөө” гэж бодохоор үнэхээр сайхан байсан. Одоо ч энэ талаар бодохоор догдолж байна.
Б.Д:- Шагай намайг тэгж угтана, гэрлэх санал тавина гэж ёстой төсөөлөөгүй. Тэр өдөр би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай бүсгүй болсон. Гэрлэх санал хүлээж авсан тийм сайхан дурсамж дүүрэн өдрөө би хэзээ ч мартахгүй.
Тухайн үед хүмүүс бичлэг хийж, лайваар дамжуулсныг нь мэдээгүй. Гэртээ ирсний дараа мэдсэн. Маш их баярлалаа, хайрдаа.
О.А:- Зүгээр ээ. Хайртай шүү, чамдаа.
-Нэгнийхээ юугаар нь хамгийн их бахархдаг вэ?
Б.Д:- Надад маш их итгэдэг, туслаж дэмждэг. Би буруу юм хийсэн ч “Зөв өө, зөв” гээд. Би нарыг гурвалжин гэсэн ч “Зөв өө, зөв” гээд дэмждэг нь надад гоё санагддаг.
О.А:- Эмэгтэй хүн юу ч гэж хэлсэн түүнийхээ талд орж, дутагдалтай зүйл байвал хэлж өгөх чухал. “Миний хайр ингэж болохгүй” гээд хэлэнгүүт хэчнээн уурласан ч дараа нь тэр үйлдлээ дахиад давтахгүй байгааг нь харахаар гоё санагддаг. “Миний үгийг хүлээж авсан юм байна” гэж боддог.
Б.Долгор маань сайхан сэтгэлтэй, намайг бүх талаар дэмждэг. Үнэхээр халамжтай. Бахархах, үлгэрлэх зүйл чамд минь олон.
-Хос бүхэнд хайраа улам “өнгөлдөг” жор бий. Та хоёрын хосын жор юу вэ?
О.А:- Нэгнээ ойлгох, хүндлэх, ямар ч зүйл дээр дэмжих их. Эрэгтэй хүн тэвчээртэй байх хэрэгтэй.
Б.Д:- Хэрэлдэж, маргалдлаа гэхэд дундаа л байлгах хэрэгтэй гэж боддог. Учир нь, тухайн үед би уурлаад Шагайг мууллаа гэхэд аав, ээж яг тэр муулсан нүдээр л харах байхгүй юу.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Нэгэндээ зориулж чин сэтгэлийн үгээ хэлнэ үү?
О.А:- Хайрыгаа жил хүлээсэнд нь үнэхээр их баярлалаа. Хайр нь чинийхээ хөөрхөн нүдэнд хэзээ ч гуниг хураахгүй, гунигийн нулимс хэзээ ч гаргахгүй. Үргэлж сайхан амьдруулна, за. Жил хүлээсэнд нь үнэхээр их баярлалаа.
-Хайрдаа би ингэж хэлмээр байна. Яг миний аавыг орлох эр хүн байдагт нь маш их баярлалаа. Зөндөө их хайртай шүү.
За болсон уу.
-Тийм ээ, болчихлоо. Та хоёртоо аз жаргал хүсье.
Б.Д:- За баярлалаа. Яг уйлах гэж байна шүү дээ.
О.А:- Уйлж болохгүй шүү. Чи минь мундаг байлаа.