БНСУ нь Халлоун буюу аймшгийн баярыг өргөн тэмдэглэдэг орнуудын нэг. Харамсалтай нь Сөүлийн шөнийн амьдрал ид өрнөдөг Итаевон дүүрэгт өчигдөр орой болсон Халлоуны баярын үеэр хэт их бөөгнөрөл үүсч, залуус түлхэлцэн, бие бие дээрээ гишгэн амиа алджээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 151 хүн амиа алдаж, 82 хүн бэртсэн бөгөөд нас барагсдын дийлэнх нь өсвөр насны болон 20 дөнгөж гарч яваа залуус байсан байна.
Нас барсан иргэдийн 19 нь гадаад иргэд байсан ба Иран, Хятад, Узбекистан, Норвегийн иргэд байжээ. Мөн нас барагсдын 97 нь эмэгтэй, 54 нь эрэгтэй гэсэн статистик гаргасан байна. Ковид-19 цар тахлын хөл хорионоос болж ийнхүү БНСУ-д гурван жилийн дараа уг баярыг тэмдэглэж байсан юм. Ихэнх нь аймшгийн баярт зориулж зүсээ хувиргаж, баярын хувцас өмссөн байжээ. Цахим сүлжээнд тархсан зургуудад аврах ажилчид хохирогчдод хиймэл амьсгаа хийж байгаа нь харагдана. Учир нь хохирогчдын дийлэнх нь хэт их бөөгнөрөл дунд зүрх нь зогсоход хүрсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Нөхцөл байдал оройн 10 цагийн үеэс эхлэн хүндэрч эхэлсэн байгаа юм. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ хэрэгт маш их харамсч буйгаа илэрхийлж, улс даяар гашуудал зарлажээ.
SOURCE: YONHAP