Дуучин Ye /Kanye West/-г тойрсон үйл явдал өрнөсөөр байна. Тухайлбал түүнтэй хамтарч ажилладаг JP Morgan, Balenciaga, Adidas зэрэг томоохон компаниуд гэрээгээ цуцалсан. Алдарт дуучны сүүлийн үед хийсэн үйлдлүүд олон нийтийн бухимдалтай тулгарч, ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн түүнийг шүүмжлэхэд хүргэж байна.
Энэ сарын эхээр Ye твиттер хуудсан дээрээ семитийн эсрэг үзэл буюу Еврейчүүдийн эсрэг өнгө аястай зүйл бичиж, төдөлгүй устгасан. Мөн тэрээр хөгжмийн продюсер Sean Combs буюу Diddy-гийн цаана Еврейчүүд байдаг гэж инстаграм хаягтаа оруулснаар нөхцөл байдлыг улам муутгасан. Adidas-тай Ye 2013 оноос эхэлж хамтарч ажилласан бөгөөд тэдний хамтарсан Yeezy брэнд Adidas-ын орлогын 10 хувийг бүрдүүлдэг буюу жилд хоёр тэрбум долларын ашиг олдог байсан. Түүнчлэн хувцас загварын Balenciaga брэнд түүнтэй хийсэн гэрээгээ нэг тийш болгосноо мэдэгдсэн. Spotify-ын хувьд түүний хийсэн үйлдлүүд болгоомжгүй байсныг хүлээн зөвшөөрсөн ч платформ дээрх уран бүтээлүүдийг нь устгахгүй гэжээ. Ye саяхан Парисын загварын долоо хоногийн үеэр “White lives matter” буюу Цагаанууд хамаатай гэсэн бичигтэй подволк өмссөнөөр мөн л цахим сүлжээнд дуулиан дэгдээсэн. Хар арьстнуудын эрхийг хамгаалах “Black Lives Matter” хөдөлгөөний эсрэг болгож, егөөдөж ийм бичигтэй хувцас өмслөө хэмээн олон нийт түүнийг буруутгаад байгаа юм. Энэ бүхнийг түүний экс эхнэрийн хэлсэн үгс улам шуугиулахад хүргэлээ. Тухайлбал, Ким Кардашн “ямар ч тохиолдолд ялгаваралан гадуурхсан үг хэллэг, үйлдэл ашиглаж болохгүй” тухай Твиттер, Инстаграм хуудсаараа хуваалцсан. Гэхдээ Ye-г хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй Ким Кардашян хэлж байсан билээ. Ийнхүү алдарт дуучин Forbes-ын тэрбумтны жагсаалтаас гараад байна.
SOURCE: CNN, SKY News