Өнөө өглөө Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог танихгүй этгээд буу тулган, их хэмжээний мөнгө нэхсэн тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсандаа хэргийн талаар ингэж бичжээ.
“Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон.Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв.Өвчтэй зовлонтой, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг,тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.
Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсооё.Мөрөөрөө хөдөлмөрлөж ,хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан.
Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна.
Муу бүхэн үүгээр дуусаг.
Цаашид та бүхэн маань хаа явсан газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стор, постон дээрээ байршлаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай.
Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа. Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ.Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна.Билэгт сайн өдөр нь амны билэггүй зүйл ярьсанд уучлаарай.Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа “ гэлээ.