
Махса Амини ёс суртахууны цагдаа нарт саатуулагдсан үедээ амиа алдсанаас хойш 40 хоног өнгөрчээ. Харин Иранд сар гаруй үргэлжилж буй тэмцлийн улмаас болж дахин нэг эмэгтэй амь насаа алджээ. Тодруулбал, 16 настай Ника Шахгарами эсэргүүцлийн жагсаалын үеэр хогийн саван дээр зогсож, толгойн гивлүүрээ эргүүлж байхдаа “Диктатор сөнөөсэй” гэж хэлж байгаа нь бичлэгт үлдсэн. Үргэлжлүүлэн тэрээр өөр нэгний гивлүүрийг авч, эсэргүүцэгчдийн өмнө шатааж байгаа нь дараагийн бичлэгт харагдсан байна. Есдүгээр сарын 20-нд энэ үйл явдал болсны дараа буюу бичлэг цацагдсанаас хойш хэдхэн цагийн дараа Ника Шахгарами алга болсон байна. Харин үүнээс долоо хоногийн дараа түүний гэр бүл нас барсныг нь олж мэджээ. Ираны эрх баригчид түүнийг амиа хорлосон буюу өндрөөс үсэрсэн гэж мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, эсэргүүцлийн жагсаалтай холбоогүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Харин тухайн өдөр бичигдсэн бичлэгүүдэд нөхцөл байдал арай өөрөөр харагдсаныг олон нийт онцолж байна. Тухайлбал, тэр шөнө Ираны аюулгүйн хүчний албаныхан Ника Шахгарами-г хөөж байсан нь бичигдсэн гэдгийг CNN мэдээллээ. Үүгээр зогсохгүй, тэрээр хүчнийхэнтэй маргалдаж, тэдний өөдөөс чулуу шидэж байсныг CNN-д гэрчүүд хэлсэн. Бусад эсэргүүцэгчдийг бодвол, Ника Шахгарами илүү эрсдэл гарган тэмцэж байсныг гэрчүүд мөн онцолж, түүнд болгоомжтой байхыг сануулсан байна. Гудамжинд цагдаа нар түүнийг барихын тулд энгийн хувцас өмссөн, мөн хүчнийхэн түүнийг машинд авч явж байсныг ч харсан гэрч байгаа юм байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ираны жагсаалаас болж 244 гаруй хүн амь үрэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN