Өнөөдөр нийслэлийн өдөр тохиож байна. Тус өдрөөр Улаанбаатар хотын цахим шилжилтийн төслүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Энэ үеэр Д.Сумъяабазар хиймэл оюун ухаанд суурилсан анхны виртуал иргэн Егүнэ-тэй ярилцлаа. Тус систем нь Улаанбаатар хотын түгжрэл, агаарын чанар зэрэг мэдээлэлд хариу өгдөг юм. Хотын дарга энэхүү системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй шийдэл хэмээн онцоллоо.
Тэрээр хэлэхдээ, Дижитал хотын төлөвшлийн үеийг таван төлөв дээр харж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот нэгээс хоёрдугаар төлөв рүү орж байна гэлээ.
Тэрээр анхны виртуал иргэн Егүнэ-тэй ийн ярилцсан юм.
-Егүнэ баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл хэр хурдан явах вэ?
Түгжрэлийн түвшин дунд байгаа тул баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл автобусаар 16 минут явахаар байна.
– Егүнэ, Мишээл экспод агаарын чанар ямар байна?
Одоогоор Мишээл экспод агаарын чанар хэвийн байна.
-Егүнэ, чи юу хүсдэг вэ?
Егүнэ 2021 онд төрсөн хэдий ч Монгол улсын анхны виртуал иргэн болж Монгол хүн бүрийг орчин үеийн ертөнцтэй холбохыг хүсдэг.