
“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Ш.Мөнхбаярын ээж Т.Шинэтуяа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр болжээ. Ш.Мөнхбаяр ээжийнхээ донор болж, элэг шилжүүлэн суулгахад 50 сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Үүний хүрээнд хандивын аян зохион байгуулаад байгаа юм. Энэ талаар Ш.Мөнхбаяртай ярилцлаа.
-Ээжийнх нь биеийн байдал хэр байна вэ. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Ээжийн биеийн байдал одоогоор бас ч гэж гайгүй. Гэхдээ ер нь их ядарч, сульдсан. Одоогоор хоолойны суудсаа боолгох мэс засалд орох гэж байгаа. Нэгдүгээр эмнэлэгт очероо хүлээж байна. Ер нь жилийн өмнөөс яаралтай мэс засалд орж, элгээ солиулах шаардлагатай гэсэн онош сонссон.
-Ээжид нь яг ямар онош тогтоосон бэ?
-Элэгний хатуурал. Хатуурсан шалтгаан нь, ээж багадаа шар өвчин туссан. Тухайн үед бүрэн эдгэрээгүй байсныг мэдээгүй явж. Одоо ингээд дахин сэдрээд, элэг нь хатуурч, яаралтай солиулах шаардллагатай боллоо.
-Та ээжийнхээ донор болно. Шинжлэх ухаан талаасаа бүх зүйл нь тохирсон уу?
-Тэгсэн. Би долдугаар сараас хойш эмнэлгээр явж, бүтэн биеийн шинжилгээ өгсөн. Ээжийнхээ донор болох хүсэлт гаргасан юм. Сарын өмнө “Донор болох боломжтой, бүх юм нь таарлаа” гэсэн хариу гарсан.
-“Ээжийнхээ донор болох нь, цаг хугацаа алдахааргүй боллоо” гээд та баярласан байх. Ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би айлын том хүү. Ээж минь 42 настай. Элэг солиулах шаардлагатай гэдгийг сонсоод бидэнд хүнд тулаа. Азаар Монголд эмчлэх боломжтой, би өөрөө донороор таарсан болохоор сэтгэл санаа харьцангуй гайгүй байгаа.
Мэдээж ээжийнхээ донор болох боломжтойг сонсоод би эргэлзээгүй. Намайг төрүүлсэн ээж минь шүү дээ. Ээжид маань миний элэг таарч байгаад баярлалгүй яах вэ.
-Үүний хүрээнд хандивын аян зохион байгуулж байгаа. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Хандивын аянаа албан ёсоор энэ долоо хоногт эхлүүлсэн. Одоогийн байдлаар долоо орчим сая төгрөг цуглараад байгаа. Бид хандиваар 50 орчим сая төгрөг цуглуулах хүсэлтэй байна. Элэг шилжүүлэн суулгахад нийгмийн даатгалын сангаас 75 хувийг нь хөнгөлж, улсаас гаргаж өгдөг. Үлдсэн 25 хувийг нь эмчлүүлэгч өөрөө гаргана. 100 хувь улсаас даадаг гэж зарим хүн андуу бодолтой явдаг юм байна лээ. Хандиваар цугларах 50 сая төгрөгөөр бид мэс заслын 25 хувийг төлнө, хагалгааны өмнөх болон дараах эмчилгээ гээд бүгдийг нь оруулсан байгаа.
Мэс засал амжилттай болох эсэхээс шалтгаалаад тооцоолоогүй эрсдэл гарч мэднэ.
-Хандивын аяны хүрээнд тоглолт зохион байгуулах уу?
-Жижиг хэмжээний тоглолт зохион байгуулна. Одоогоор тов хараахан гараагүй байна.
-Сүүлийн үед хүмүүс хандив, тусламжинд болгоомжтой ханддаг болсон. “50 сая төгрөг хувиасаа гаргах боломжтой мөнгө” гэж зарим хүн бодож магадгүй. Хувиасаа гаргах боломж, бололцоо та бүхэнд байгаа юу?
-Яг ингээд хоёр жил эмнэлгээр яваад, эмчлүүлэхээр их мөнгө зарцуулагддаг юм байна. Хажуугаар нь амьдрал өрнөж байгаа, хэрэглээ байна. Би л гэхэд долдугаар сараас хойш олон шинжилгээ өгөхөд, тав орчим сая төгрөг болсон. Шууд 50 сая төгрөг гаргаад, ээжийгээ мэс засалд оруулах боломж, бололцоо одоогоор байхгүй байгаа. Мэс заслын дараа хэсэг хугацаанд ээж, бид хоёр ажил хийх боломжгүй. Энэ мэт санхүүгийн эрсдэлээ ч мөн тооцсон байгаа.
Хүмүүс ээж, аавыгаа хэзээ ч өвдөхгүй, үүрд хажууд нь байх юм шиг санадаг. Би ч мөн тэгж бодож явлаа. Байгаа боломжоо бүгдийг нь ашиглаад, яг энэ цаг хугацаандаа ээж, аавыгаа хайрлаарай гэж залуустаа захья. Бүгдээрээ боломжоороо ээжид нь маань туслаж, хандивын аянд нэгдээрээ гэж хүсье.
Хандивын данс: Хаан банк: 5420070687, Утас:8874413, 89899616