Өчигдөр орой /2022.10.27/ баруун бүсийн цахилгаан эрчим хүчний систем хэт ачааллаж, хэрэглэгчдийг оргил ачааллын үеэр цахилгаанаа хязгаарлахыг анхаарууллаа. Тодруулбал, баруун бүсийн эрчим хүчний систем хүчин чадлын дутагдалд орж, улмаас цахилгаан тасрах эрсдэл үүсчээ. Тиймээс айлуудыг эрчим хүчээ хэмнэхийг сануулсан юм. Энэ тухай Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас өчигдөр орой тодруулахад ““ББЭХС” ТӨХК-ийн ОХУ-ын 220/110/10 кВ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг С-458 ЦДАШ-аар яодоо 200 А буюу 38 МВт ачаалалтай ажиллаж байна. Бидний энэ хэрэглээ нь 220/110/10 кВ-ын Чадан дэд станцын 63 МВА чадалтай үндсэн тоноглол чадлын дутагдалд орж байгаа тул танай системийн хэрэглээг хязгаарлаж болзошгүй байна гэсэн мэдэгдлийг ирүүллээ. Иймд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид маань оройн 18:00-20:00 цагуудын хооронд хэрэглэхгүй байгаа бүх төрлийн цахилгаан хэрэгслээ унтрааж эрчим хүчний хэмнэлт хийнэ үү хэмээн анхааруулж байна” гэсэн юм.
Өнөөдөр баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас хараат байна. Иймд ойрын хугацаанд цахилгааны шинэ эх үүсвэр шаардлагатай болоод байгаа юм. 90 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд барьснаас баруун таван аймгийн хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, улмаар илүүдэл цахилгаанаа төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн, УЦС баригдсанаар Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болох, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэх ач холбогдолтой. Үүнээс гадна, дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилж, усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.
Өнөөдөр улс орны цахилгаан эрчим хүчний найдвартай байдал хамгийн чухал. Тиймээс олон эх үүсвэрийг баруун бүсэд яаралтай барих шаардлага үүсээд байгааг өнөөдрийн үйл явдал харуулж байна. Хэрвээ хүчин чадлын дутагдал үүсч баруун бүсэд цахилгаан тасарвал айл өрх, ААН-үүд нийтээрээ лаа барьж суух бодит эрсдэл тулж ирээд байна. Цар тахлын үед ч манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал дээд цэгтээ тулсан буюу ОХУ-аас авах цахилгааны хязгаараа давж, улсаараа цахилгаан тасрах аюултай тулгараад байсан. Тэгвэл энэ эрсдэл өнөөдөр баруун гурван аймгийн хэрэглэгчдэд тулж ирлээ.