Өчигдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа улс, олон улсын тэмцээнд амжилт гаргасан багш, сурагч хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Уулзалтад дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ оролцож, дүүргээ төлөөлөн улсын болон азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож буй өсвөрийн шигшээ баг, багш дасгалжуулагчдын амжилтыг танилцуулсан юм.
Энэ үеэр Засаг дарга “Монгол улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгаж, U18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах болон улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчиддаа халуун баяр хүргэж, цаашдынх нь зорьсон үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе. Сүүлийн жилүүдэд манай хүүхэд, залуус сагсан бөмбөгийн төрлөөр олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгааг хараад бахархам байдаг. Та бүхэн тэдний залгамж халаа юм. Спорт бол хүнд тэсвэр хатуужил суулган аливаад хариуцлагатай хандаж, бие биенээ хүндэтгэх, нэг зорилготой байх гээд маш олон төрлийн төлөвшлийг бий болгодог зүйл. Тийм учраас хүүхдүүд та бүхэн амжилтаа улам бататгаж, үе тэнгийн найзуудынхаа үргэлж бахархал нь байгаарай. Багш дасгалжуулагч нар маань олон хүүхдийн спортын авьяасыг нээж, хөгжүүлэн илүү их амжилт гаргахыг хүсье” гэв.
Сагсан бөмбөгийн U18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн 1-р сургуулийн сурагч Н.Нандинхүсэл, 3-р сургуулийн сурагч Б.Цэрэндолгор, Байгаль эх ахлах сургуулийн сурагч Б.Болор-Эрдэнэ болон U13 насны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, шилдэг тоглогч 1-р сургуулийн сурагч Т.Эгшиглэн, 31-р сургуулийн сурагч Б.Эмүжин нарыг 2022 оны дүүргийн “Шилдэг хүүхэд” медалиар, дасгалжуулагч багш Ж.Мөнхтөгс, Б.Дэлэг, Г.Ундрах нарыг дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа. Мөн дасгалжуулагч багш, сурагчдын амжилтыг мялааж, Засаг дарга хувиасаа мөнгөн урамшуулал олгохоо илэрхийлэв.
ЭХ СУРВАЛЖ: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР