Засгийн газрын ээлжит хуралдаан аравдугаар сарын 26-нд болж, Баруун, Төвийн, Хангайн бүсэд болон Зүүн бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах шийдвэрийг гаргалаа.
Мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах зорилгоор гурван бүсэд хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” ажлыг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврын дагуу болон олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгав.
Эрүүл бүс байгуулагдсанаар мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлчээрийн маллагаагаар маллаж, гарал үүсэл нь тодорхой, олон улсын мал эмнэлгийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн болон бусад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж экспортыг нэмэх зорилготой юм.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР