Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-23-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Хуульд зааснаар 18-25 насны иргэд цэргийн алба хаах журамт үүрэгтэй. Харин зарлан хуудас авсан иргэн нь оюутан буюу аль нэг боловсролын байгууллагад сурдаг бол холбогдох бичиг баримтыг нь харгалзан үзээд, цэрэг татлагаас чөлөөлдөг. Энэ нь бүрэн чөлөөлж байгаа хэлбэр биш бөгөөд сургуулиа төгссөний дараа цэргийн албыг өөрийн биеэр болон дүйцүүлэн хаах сонголтыг олгодог юм. Харин оюутан суралцах хугацаандаа гагцхүү цэрэг татлагын товчоонд очиж, эрүүл мэндийн үзлэгт орж бүртгүүлэх, өөрөөр хэлбэл “комисс”-ндоо орох үүрэг хүлээдэг.
Гэтэл энэ жилийн буюу Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаас оюутнуудыг хүчээр цэрэгт татсан тохиолдол гарлаа хэмээн оюутнууд манай редакцид хандлаа. Сургуулиасаа албан тодорхойлолтоо авчихсан, суралцаж буй оюутан гэдгийг нь мэдсээр байж, айлган сүрдүүлэх замаар “комисс”-нд оруулсан учраас оюутнууд хөдөө орон нутаг руу явж хичээлээ таслах нь нэмэгджээ.
Оюутнууд ямар нэг дарамт шахалт ирэх вий гэж гэж болгоомжилж буй тухайгаа ярилаа. Энэ тухай МУИС-ийн оюутан Б “Хоёр болон дөрөвдүгээр курсын оюутнуудыг цэрэгт шууд татна гэж хэлсэн. Оюутнууд цэрэг татлагын үеэр шууд ачаад явчих вий гэхээс айсан, сүрдүүлэгт автсан тохиолдлууд гарсан. Манай ангид гурван эрэгтэй оюутан байдаг. Тийм болохоор би мэдсэнгүй. Гэхдээ л болж байгаа, гадуур яригдаж байгаа зүйлүүд үнэн” гэлээ. Харин ШУТИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Ц “Хоёр гурван жилийн өмнө ч оюутнуудыг хүчээр дотуур байранд нь ирээд ачаад явсан тохиолдол гарч байсан гэсэн. Ах нар тэгж ярьдаг. Энэ жил ч гэсэн комиссонд орсон хүүхдүүдийг “Та нар тэнцвэл шууд явна. Ойлгосон уу, тэр сургууль чинь хамаагүй. Ирээд сурна биз” гэж шууд тулгасан байсан. Үүнээс болоод “комисс”-ндоо ороогүй оюутнууд ч олон гарлаа. Миний таньдаг зарим оюутнууд цэрэгт явсан байна. Үнэхээр яг өөрийн сонирхлоороо явсан уу гэвэл мэдээж үгүй. Цаана нь асуудал байж л байгаа шүү дээ. Цэрэг татлагын өдрүүдээр манай сургууль дээр баахан л бужигнаан болж өнгөрлөө” гэсэн юм.
Оюутнуудыг албадан цэрэгт явуулна гэж хүчилснээс болж, сургууль дээр ч асуудал гарч, илтэд мэдэгдэж байгаа тухай их сургуулийн багш нар ч цахим хуудсандаа байр сууриа илэрхийлж байна. Учир нь “Заавал аймаг сумандаа ирж цэрэг татлагад хамрагд” гэж шаардсан байна. Энэ тухай МУИС-ийн багш Г.Баттогтох “Эрэгтэй оюутнууд сүүлийн хоёр 7 хоног хичээлдээ суусангүй. Аймаг сум руугаа давхиж байна. Оюутныг цэрэг татлагад заавал дуудаж, хичээл номыг нь алдуулах ямар хэрэг байна вэ?” хэмээн бичсэн байна. Зарим аймаг сум, дүүрэг хоорооны ажилтан сургуулийн тодорхойлолт хараад хасаж байгаа бол зарим нь шууд татаж байгаа гэнэ. Ер нь бол, замбараагүй байна” гэжээ. Мөн зарим иргэд “Цэрэг татлага чинь мөнгөтэйд нь хүчингүй, мөнгө муутайд нь албадлага байдаг юм билээ. Мөнгө авч хассан нөхрүүдийнхээ бөглөөсөнд эрүүл мэндийн шалтгаантай, сурч байгаа хэдээ хамаад л аччихдаг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
“ДУУГҮЙ Л ЦЭРЭГТ ЯВ… ЭНЭ БОЛ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН НУУЦ”
Сүүлийн үед зэвсэгт хүчний салбарт цэрэг эрс ойр ойрхон амиа алдаж байгаатай холбоотойгоор цэрэгт явах залуусын идэвх буурч эхэлжээ. Эцэг эхчүүд ч Хан-Уул дүүргийн цэрэг татлагын товчооны гадаа дугаарлаж зогсох үеэрээ “Хүүхдээ явуулна гэхээс айж байна. Зодож нүдлээ, нас барлаа” гээд л янз янзын л мэдээ дуулдах юм. Хүүхдээ өнжөөгөөд дараа жил явуулмаар байна. Гэхдээ л эргэлзэж, айж байна” гэв. Мөн цэрэг татлагын товчоонд ирсэн нэгэн залуу “Би оюутан. Энэ жил арай ч татчихгүй байлгүй гэж бодож байна. Гэхдээ цэргийн албаны нэр хүнд, дарамт ямар байгаа билээ дээ” гэж хариулсан юм. Яг үүний нэгэн адилаар иргэд болгоомжилсондоо цэрэгт татах залуусын тоо гүйцэхгүй байна уу гэх хардлага ч гараад байна.
Учир нь БХЯ, ЗХЖШ “Батлан хамгаалах салбарын нууц” гэдэг үгийг л урдаа барьдаг. Угаасаа ч хуулиараа нууц байх ёстой учир хэдэн цэрэг татах ёстой, хэдийг нь татсан талаар асуух ч боломжгүй юм. Харин хоёр гурван жилийн өмнөхтэй нэгэн адилаар оюутнуудыг хүртэл цэрэгт хүчээр авч яваад байгааг бодоход “Тоо нь л гүйцэхгүй байгаа биз” хэмээн олон нийт таамаглаж байна.
ХУУЛЬЧ Т.БАТ-ЭРДЭНЭ: ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГТ ТАТАХГҮЙ ГЭХ ХУУЛИЙН ЗААЛТ БАЙХГҮЙ
Энэ талаар бид хуульчаас тодруулсан юм. Тэрбээр "Үүнийг ярихаас өмнө Үндсэн хуулийн заалтаа ярих нь зөв. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.4-т “… Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, эх орноо хамгалаах бол иргэний үндсэн үүрэг. Хоёрдугаарт, цэргийн албаны тухай хууль гэж бий. Энэ хуульд оюутнуудад цэрэгт татахгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Хугацаат цэргийн албанаас чөлөөлөгдөх цөөн хэдхэн үндэслэл бий. Үүнд:
- Цэрэг татлагад орж, эрүүл мэндээр тэнцээгүй бол чөлөөлөгдөнө.
- 60-аас дээш насны эцэгтэй, 55-аас дээш насны эхтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлийн 1,2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг эхтэй, эсвэл эцэг эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан. Тэднийг асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хугацаат цэргийн албанаас чөлөөлдөг. Мөн сургуулийн өмнөх насны хоёр болон түүнээс олон хүүхэдтэй бол чөлөөлөх заалттай. Эхнэр нь бие давхар бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй бол мөн чөлөөлнө. 16 нас хүрээгүй хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй бол , хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй иргэнийг түр чөлөөлөх зохицуулалт үйлчилж байна.
Оюутнуудыг цэрэгт татаж байна гэх асуудлын тухайд болохгүй зүйл биш. Жил бүр цэрэгт татах залуусын тоог Засгийн газраас тогтоодог. Энэ тоог тухайн цагийн нөхцөл байдлаа харгалзан үзээд шийдвэрлэдэг. Оюутныг татах уу үгүй гэдгийг Цэрэг татлагын товчоо мэднэ. Тоондоо хүрэхгүй бол татах эрхтэй. Харин оюутныг татах бол төлбөрийг нь буцаан олгох зэргээр хохиролгүй болгоход нь анхаарах хэрэгтэй” гэлээ.
Мөн бид Нийслэлийн цэргийн штабд хандсан боловч хариу өгсөнгүй. Харин Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанд хандахад "Одоогоор мэдээлэл өгөх хүн алга байна. Дараа ярилцлага аваарай" гэсэн юм.