Хэд хоногийн өмнө дуучин В.Баттулга охинтойгоо хамтран аялан тоглолтоо хийхээ зарлан олон нийтэд тоглолтын постер зургаа хуваалцсан.
Уг зураг нь цахим орчимд нэлээдгүй шүүмжлэл дагуулсаар тоглолт цуцлагдах хэмжээнд хүрэв. Сүүлийн жилүүдэд цахим ертөнцийн цаанаас бусдын эрхэд халдах овог нэр, хаягаа нууцалсан иргэд цөөнгүй болсон. Хийсэн үйлдэл нь бусдад бүрэн дүүрэн таалагдаж, шүүмжлэл огт хүртдэггүй хүн гэж байхгүй. Хэн бүхний тойроод бус дайраад гардаг зүйл. Харин төрсөн аав, охин хоёр хоорондоо холбуулж, хорон үгээр сэтгэл рүүгээ “шивүүлсэн” нь хэд билээ. Шүүмжлэл, шүүмжлэлийн дундаас ийм үгс ямар ч хүнд юу юунаас илүү хүнд тусаж, сэтгэлийг нь шархлуулна. Ямар ч хүн энэ тохиолдолд тэсгэл алдарч, хэн байсан ч охиныхоо төлөө дуугарах байсан.
Бусдыг шүүмжилж болно. Таалагдахгүй байгаа өнцгөөсөө ярьж, шүүмжилж өөрчлүүлэн сайжруулж болно. Харин бусдын ялгаатай байдлыг үл хүндэтгэн шүүмжлэхийг доромжлохтой андууран бусдын эрх, амин чанар луу ус цацаж болохгүй.
Хуучин эрүүгийн хуульд бусдыг доромжлох нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан. Шинэ хуулиар зөрчлийн бүрдэлд оруулаад зөрчил хянах шийдвэрлэх тухай хуулиар тодорхой үйлдлийг зохицуулах болсон. Зөвхөн сошиал орчинд биш бусдыг гутаан доромжлох үйлдэл нь хуульд заасан арга хэмжээтэй гэдгийг иргэд ойлгох нь зүйн хэрэг болов уу.
Б.Дуулим манай сайтад ярилцлага өгөхдөө “Аавтай минь холбосон элдэв шүүмжлэл, хов шив л хамгийн хэцүү нь. Ахлах ангид сурч байхдаа би бүр дуулахаа больё, мэргэжлээ сольё гэж бодож байсан шүү дээ. Хүмүүсийн хэл ам, шүүмжлэлээс залхаад. “Энэ охин аавтайгаа арай биш ээ. Аав, охин хоёр гэж харагддаггүй” гэх утгатай элдэв яриа, шүүмжлэлийг тэсэхэд, тоохгүй байгаа юм шиг явахад үнэхээр хэцүү байсан.
Аавтайгаа хамт тайзан дээр гарахад маш их хайр мэдэрдэг. Аав над руу инээн, хайрын харцаар хараад дуулдаг. Би өөдөөс нь инээгээд хэчнээн гоё байдаг гэж санана. Аавтай хамт дуулахаар сэтгэл их хөдөлдөг. Заримдаа уйлчихдаг” гэж байв.