Риши Сунак Их Британийн анхны Энэтхэг гаралтай, орчин цагийн улс төр дэх хамгийн залуу ерөнхий сайд болсон. Ийнхүү шинэ сайдын хөрөнгө чинээлэг байдал олон нийтийн анхаарлыг татах болсон. Өмнө нь банкир байсан тэрээр Оксфорд, Стэнфордын их сургуулийг дүүргэсэн. Түүний эхнэр Акшата Мурти нь Энэтхэгийн томоохон технологийн компани болох Infosys-ын захирлын охин юм. Хосуудын нийт хөрөнгийг 830 сая доллар гэж тооцоолсон нь хатан хаан II Элизабетынхаас даруй хоёр дахин илүү байгаа юм.
Гэвч түүний эхнэр татвараас зайлсхийсэн тухай асуудал дэгдэж, өнгөрсөн хавраас эхлэн Риши Сунакийн улс төрийн байр сууринд нөлөөлж эхэлсэн. Энэ талаар эхнэр нь “Тодорхой хэлэхэд, би Их Британид олсон орлогоосоо татвараа суутгуулж, бусад гадаад орлогынхоо татварыг тухайн улсад төлсөн” гэж жиргэж байжээ. Мөн энэ үйлдлийг хууль ёсны гэж үзэж байгаа ч нөхөр нь сангийн сайд тул тохиромжтой биш байгаа гэдгийг ойлгож буйгаа илэрхийлж байсан удаатай.
Шинэхэн ерөнхий сайдыг энэ зун Лиз Трасстай өрсөлдөж байхад гэр бүлийнх нь хөрөнгийн талаар асуухад тэрээр “Бид энэ улсад хэн нэгнийг харагдах байдал, дансан дахь мөнгөөр нь шүүдэггүй гэдэгт итгэж байна. Өнөөдрийнх шиг болохын тулд миний ээж, аав, би бүгд маш их хөдөлмөрлөж, хичээж ирснийг онцлох нь зүйтэй. Тиймээс ч би энэ ажлыг хийхийг хүсэж байна” гэж хуваалцаж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN