Томуугийн тархалтын өнөөгийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
- Томуугийн үндсэний төвийн дарга, доктор А.Бурмаа “Томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, вирусны хувиралтын тандалт”
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр “Эмнэлзүйн онцлог ачаалал”
- Томуугийн вакцины тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар мэдээлэл хүргэлээ.
Томуугийн үндсэний төвийн дарга, доктор А.Бурмаа :
Амбультороор нийт үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим нь томуу томуу төст өвчинтэй гэж оношлогдож байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдож байгаа хүмүүс 15 хувийг эзэлж байна.
Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай хүүхдүүд 60 гаруй хувийг эзэлж хэвтэж байна. Өмнөх долоо хоногуудаас энэ төрлийн өвчин нэмэгдсэн хандлагатай байна.
Хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөж байж, түүнийхээ эсрэг дархлаатай болдог. Яагаад гэхээр томуугийн вирусээс бусад томуу төст вирусийн эсрэг өвөрмөц хамгаалалт, дархлаажуулалт байдаггүйтэй холбоотой. Хүн болгон өвдөж байж дархлаа тогтдог.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
Одоогийн байдлаар 500 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Дөрвөн цэнт буюу А хүрээний эсрэг хоёр цэнттэй. В хүрээний эсрэг тус бүр хоёр цэн агуулсан вакцин байна.
Томуугийн вакциныг:
- 1-5 насны 214 мянган хүүхдэд
- Жирэмсэн 42 мянган эхчүүдэд
- 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 218 мянган иргэнд
- Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад хийхээр төлөвлөсөн.
Вакциныг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг цэцэрлэгт нь хийж байна. Аравдугаар сарын 25-ны байдлаар 1-5 насны 2500 гаруй, нийт 4347 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр:
Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц орыг хангалттай хэмжээнд байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан ажиллаж байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Эдгээр хүүхдүүдэд ямар шинж давамгай илэрч байна гэхээр :
- 70 гаруй хувь халуурах
- 60 хувьд ханиалгах
- 15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж
- 10 хувьд хоолонд дургүй болох бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна.
Энтервирусийн халдвар, гар хөл амны өвчний халдвартай бага насны хүүхдүүд өвчилж байна. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай.
Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгаж зорилготой юм. Ковидоор өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал хүндрэх эрсдэлтэй учир ийм хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.