Энэ сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороо, Олимп хотхоны урд талын төв зам дээр ланд 200 маркийн машин урсгал сөрөн, долоон машин мөргөж, хоёр охиныг дайрсан ноцтой осол гарсан. Хоёр охины нэг нь болох 12 настай С өнөөдрийг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр охины биеийн байдал хүнд, шарх нь харахын аргагүй хэцүү байгааг хэлж, хүчтэй антибиотик хэрэглэж эхэлсэн талаар мэдээллээ. Мөн цагдаагийн байгууллагаас охины ар гэрийхнийг мэдээлэл өгөхийг хориглосон талаар ярьсан юм.
Бид охины биеийн байдал яг ямар байгаа талаар бодитой мэдээлэл авахаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяагаас тодруулахад,
“Бид нар эмч хүмүүс. Тусламж үйлчилгээ талаас нь авч үзвэл, биеийн байдал нь хүнд байгаа хүнийг хөнгөн гэж хэлнэ гэж хаана ч байхгүй. Хөнгөн гээд өчнөөн мэдээлэл өгөөд байхад худлаа зүйл сэвээд байдаг чинь яг ямар учиртай юм. Дахиж ярилцлага өгөх шаардлага надад байхгүй” гэж ярилаа.
ОХИНЫ ШАРХ ХҮНД ХӨНГӨН БАЙГААГ ЭМЧ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
Осолд өртсөн охин С-ийн биеийн байдлыг талаар илүү тодорхой мэдээлэл авах зорилгоор бид, эмчилгээг нь хариуцан ажиллаж буй Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн их эмч н.Ганзоригтой уулзсан юм.
-Охины биеийн байдал хэр байна вэ? 14 хоног хэвтэн эмчлүүллээ шүү дээ. Тодорхой мэдээлэл өгөөч?
-Шаардлагатай оношилгоо шинжилгээ бүгдийг нь хийсэн. Одоо байгаа гэмтэл бол өвдөгний баруун хойд хэсэгт шархтай байна. Шархны хүнд хөнгөн зэргийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргана. Би хэлэх боломжгүй.
-Охин хэзээ эмнэлгээс гарна гэсэн бэ?
-Шарх гайгүй бол өнөө маргаашдаа гарна.
-Эмч хүн өвчтөнөө хүнд, хөнгөн гээд дүгнэдэг шүү дээ. Та үүнийгээ хэлээд өгөөч?
-Үгүй ээ үгүй. Юу шүү дээ. За байз. Байж байгаарай. Энэ чинь ийм. Хүүхдийн биеийн байдал одоо тийм байна гээд урдчилан дүгнэх боломжгүй.
-Эмнэлгийн удирдлагууд нь дүгнээд хэлээд байгаа шүү дээ.
-Удирдлага бол хэлж байгаа.
-Эмч нь мэдэхгүй байхад удирдлага нь мэдээд, хэлээд байдаг нь юу гэсэн үг вэ?
-Хувь хүний нууцтай холбоотой учраас аав ээжээс нь зөвшөөрөл авч байж би яриа, мэдээ өгөх ёстой. Хүүхдийн биеийн байдал өдөр өдрөөр сайжирч байна.
ОХИНЫ АР ГЭРИЙНХНИЙГ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ХОРИГЛОСОН ГЭВ
Бид дээрх хоёр мэргэжилтнээс тодорхой мэдээлэл авч чадаагүй гэж үзсэн учраас, бодитой мэдээлэл хүргэхээр хэвтэн эмчлүүлж буй охины ээжтэй уулзахаар эмнэлгийн эргэлт хүлээн авах цонхон дээр ирсэн юм. Ингээд 11 цагаас оройн 22 цаг хүртэл хүлээхдээ охины платанд эргэлт оруулж, ямар шалтгаанаар мэдээлэл авах гэж байгаа талаараа захиа бичиж ээжид нь хүргүүлсэн. Гэсэн ч охины ээж ярилцлага өгөхгүй гэдэг хариу хэлүүлсэн юм.
Охины биеийн байдлын тухайд сайжирч, дээрдсэн зүйл байхгүйг эргэн тойрны хүмүүс, эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Тодруулбал охины шарх хүндэрсний улмаас өчигдрөөс эхлэн илүү хүчтэй антибиотик эмчилгээнд нь нэмсэн, эмнэлгээс гарах болоогүй байгааг хэллээ. Энэ талаар эмнэлгийн ажилтнаас тодруулсан юм.
-Өвчтөний ар гэрийхэн дээр осол гаргасан эмэгтэй, түүний ар гэрээс нь ирж уулзсан болов уу?
-Миний мэдэхээр нэг л удаа ирсэн байх шүү. Сайн мэдэхгүй юм.
-Охины зовуурь хэр байна вэ?
– Одоо бол их л зовуурьтай байна. Шарх нь үнэхээр эвгүй.
-Бичлэг дээр их айхтар харагдсан л даа.
-Амьтны охин хүүхдийг ийм айхтар болгочхоор ээж нь эмзэглэхээс ч яах вэ дээ.
-Яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бол оо?
-Эхлээд хэвлэлүүдэд өгөөд байсан юм. Үүнийг нь цагдаа нар хорьчихсон. Хүүхдийх нь бие сайжраагүй байхад… Өнөөдөр дахиад л эмчилгээ нэмэгдэж байна.
-Эмнэлгээс гарах болоогүй байна уу?
-Болоогүй. Өнөөдөр бүр дахиад хүчтэй антибиотик бичсэн. Сая бүр нэлээн муудлаа.
Үүнээс харвал бидэнд мэдээлэл өгсөн гурван эх сурвалжийн мэдээлэл хоорондоо зөрж байна. ГССҮТ-ийн удирдлагууд охины биеийн байдлыг "хөнгөн" гэж дүгнэсэн бол, эмчилгээг нь хариуцаж буй эмч, өвчтөнөө дүгнэх боломжгүй, өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа талаар хэлэв. Харин эмнэлгийн ажилтнууд буюу албан бус эх сурвалжууд охины шарх маш хүнд байгаа, эмнэлгээс гарах болоогүй талаар хэлсэн. Мөн эх охины сэтгэл санааны байдал маш хүнд байгааг онцолж байлаа.