Хүнсний хангамж, аюулгүй байдал,мал аж ахуйн үндэсний чуулган өнөөдөр болж байна. Энэхүү чуулганд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй яамны сайд, мэргэжилтнүүдээс гадна малчид оролцлоо.
Чуулганы үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэлэхдээ:
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасны дагуу хүн бүр, Монгол улсын иргэн бүр аюулгүй шим тэжээлтэй хүнсээр хангагдах ёстой. Энэхүү эрхийг хэрэгжүүлдэг үндсэн бүтэц бол хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл аюулгүй байдлыг багтаасан хүнсний баталгаат байдлын тогтолцоо юм.
Аливаа улс нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжлийн түвшин нь хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хангамж аюулгүй байдал, МАА удирдлагыг үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачилга” гаргаж дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөний орон даяар өрнүүлээд байна.
ХАА-н үндэсний салбар улс орны эдийн засгийн тулгуурын нэг болж бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь жилээс жилд ДНБ-ийн 28 хувийг үйлдвэрлэж ажиллах хүчний 55 хувийг хангаж байна. Өөрөөр хэлбэл ХАА-н хүнсний салбар нь нийгмийн өндөр ач холбогдолтой ажлын байраар хангадаг чухал салбар юм.
УИХ, ЗГ-аас “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, МАА-г эрчимжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно гэв.