Борис Жонсонгийн засаглалын үед сангийн сайдын албыг хашиж байсан, мөн өнгөрсөн сард Лиз Трасстай ширүүхэн өрсөлдсөн Риши Сунак Их Британийн анхны Энэтхэг гаралтай ерөнхий сайд боллоо. Риши Сунак хэдийн 155 парламентын гишүүдийн дэмжлэгийг хүртээд зогсохгүй Борис Жонсонийг дэмжигчид түүнийг дэмжих магадлал өндөр басйан юм.
Түүнчлэн, Их Британийн одоогийн сангийн сайд Жереми Хант Риши Сунакыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж, түүнийг Винстон Черчильтэй адилтгаад амжсан. Риши Сунак нь 42 настай, түүний улс төрийн замнал 2010 онд эхэлсэн. Тэрээр цар тахлын үеэр буюу 2020 онд сангийн сайд болсон. Тухайн үед Риши Сунакыг ажил үүргээ амжилттай биелүүлсэн гэж үзэж, ард иргэдийнхээ дунд нэр хүндтэй болсон юм.
Түүнийг хамгийн чинээлэг парламентын гишүүдийн тоонд оруулдаг ба Их Британийн ерөнхий сайд болоход хэтэрхий баян гэх шүүмжлэл хүртэл ирж байсан. Энэ талаар Риши Сунак “Миний хэрэгжүүлэх бодлого энгийн ард иргэдэд чиглэх болно. Тэд л эдийн засгийн хямралын үед хамгийн ихээр хохирч байгаа” гэсэн нь Лиз Трассын хөрөнгөтэй иргэдэд чиглэсэн бодлогоос зөрж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS