Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудыг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж ирсэн. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд орой, шөнийн цаг буюу 21-06 цаг хүртэл хэрэглээг 50-10 хувиар хөнгөлдөг. Тэгвэл эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа, хэмнэлтийн горимд шилжсэн зэргээс шалтгаалж, шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоохоор ярьж байна. Хэрэв хөнгөлөлтийг зогсоочихвол оройн цагаар цахилгаан халаагуур залгаж дулаацдаг айлууд хүнд байдалд орно гэдгийг хэлж байлаа. Энэ асуудлыг бид тодрууллаа.
АЙЛУУД ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ХЭРХЭН ЭДЭЛДЭГ ВЭ?
Шөнийн тарифын хөнгөлөлтийг тооцохдоо дараах байдлаар ангилдаг. Үүнд:
– 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
– 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
-Мөн Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө” гэж журамд заасан байдаг юм.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХҮНД БАЙДАЛД ОРЛОО
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тайлбарласнаар энэ жилийн гүйцэтгэлээр тус салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа юм байна. Үүнээс болоод цахилгаан станцууд засвар шинэчлэлтээ хийж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Цаашлаад нийтээрээ цахилгаан тасрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрээд байгаа юм байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлэхээр болсныг мэдэгдэж байна. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр “Хэрвээ улсын төсөвт санхүүжилтийг нь тусгалгүйгээр шөнийн тарифын хөнгөлөлтийн журмыг мөрдвөл цахилгаан түгээх компаниуд их хэмжээний алдагдал хүлээхээр байна. Иймд Сангийн яамтай энэ асуудлыг зөвшилцөж байна” гэсэн хариултыг өглөө. Статистикаас хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд:
2017 онд 6,2 тэрбум төгрөг
2018 онд 9,8 тэрбум төгрөг
2019 онд 13 тэрбум төгрөг
2020 онд 18,1 тэрбум төгрөг
2021 онд 23,6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.
ИРГЭД: ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ ӨРХИЙН САНХҮҮД БОДИТ ДЭМЖЛЭГ БОЛДОГ
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт айл өрхийн санхүүд бодит дэмжлэг болдог талаар Баянгол дүүргийн 6-р хорооны иргэд ярилаа. Зарим айлын төлбөр 300 мянган төгрөг гардаг. Ихэнх нь орой, шөнийн цагаар цахилгаан халаагуур залгаснаас шалтгаалсан төлбөр байдаг учраас цахилгааны тарифын хөнгөлөлт бодит нэмэр болдпог, 150 мянган төгрөгөө хөнгөлүүлдэг гэж ярьж байсан юм. Мөн өөр нэг иргэн "Хөнгөлөлт цуцалбал өмнөх шигээ л дугуй шатааж, ямар нэг аргаар дулаацахыг бодно шүү дээ. Утаагаа бууруулъя л гэж байгаа бол хөнгөлөлтөө цуцлахгүй байх нь зөв" гэлээ.
Нөгөө талдаа, сүүлийн хоёр жилд инфляци 15 хувь давж, бараа бүтээгдэхүүний үнэ өмнөхөөсөө хоёр дахин нэмсэн, цалин хөлс нэмэгдээгүй энэ үед шөнийн тарифыг үргэлжлүүлж өгөхийг хүсэж байна гэдгээ тэд ярилаа. Өвлийн улиралд Нийслэлчүүд шахмал түлш хэрэглэдэг. Шахмал түлшинд дугаарлах, олдоц хомс байх зэрэг асуудал гардаг. Үүнийг шийдэх гарц нь цахилгааны халаалт учраас төр аль аль талдаа бодож үзэхийг хэлж байлаа. Хамгийн гол нь, шөнийн тарифын хөнгөлөлт бол өрхийн санхүүг бодохоос гадна, айлууд түлш түлж утаа гаргахаас илүү цахилгаан шийдэл ашиглаж, “АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ” бодлогын нэг хэсэг гэдгийг харгалзах үзэх хэрэгтэйг онцолсон юм.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.