Орос машины моделийн урланд нийт 400 гаруй машины модель байна. Урлангийн үүсгэн байгуулагч Ү.Одонбаяр нь хамгийн анх усны машин хийж байжээ. Тэрээр анхны усны машины моделио бүтээхийн тулд нэг жилийн хугацааг нойр, хоолгүй энэ модельдоо зарцуулсан тухайгаа бидэнд ярьсан юм.
-Анх яагаад машины модель хийх болсон бэ?
-Энэ урлангаа нээгээд гурван жил болж байна. Моделизм гэдэг урлагийг таниулах, моделийг өөрчилж, сайжруулах, шинээр хийх, энэ урлагийг Монголд нутагшуулж, хөрсөн дээр буулгах зорилгоор анх урлангаа нээсэн. Аливаа зүйлийн эхлэл жаахан хэцүү байдаг. Анх ажлаа ганцаараа тагтан дээрээ л хийж байлаа. Одоо манай урлан гурав, дөрвүүлээ болсон. Ирээдүйд арвуулаа болох эхлэл тавигдаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мянга орчим хүнд миний гар хүрсэн машины модель очсон.
-Анх машины модель хийж байхдаа бүтэлгүйтэж байсан уу?
-Бүтэлгүйтэх зүйл зөндөө. Хэдэн ч удаа бүтэлгүйтсэн юм бүү мэд. Олон удаагийн бүтэлгүйтлийн үр дүнд нь ингэж хийж болдоггүй юм байна гэдгийг маш сайн ойлгож мэддэг.
-Таны бүтээлүүдийн онцлог, үнэ цэн юу вэ?
-Өөрийн гаргасан моделиудаа цуглуулгад зориулж гаргасан. Гэтэл одоо зорилго нь өөрчлөгдөөд, айлд орохоор бурхных нь хажууд залагдчихаад байдаг болж. “Та хэд маань ингэж болохгүй шүү дээ. Нүгэл болох вий дээ” гэж авсан хүмүүстээ хэлдэг. Тэгэхээр “Энэ миний аавын машин. Бурхантай л хамт байж байх ёстой” гээд л дээш нь тавьдаг. Түүгээр бас их бахархмаар. Настай хүмүүс машины модель авахаараа уйлаад л байдаг. Модель нь өөрийнх нь машинтай дэндүү адилхан болчихдог учраас тэр шүү дээ. Насаараа унасан унаа нь болохоор их уярдаг юм шиг байгаа юм. Уйлж байгааг нь харахаар би ч их огшино.
-Анхны моделио хийхэд хэчнээн хугацаа зарцуулсан бэ?
-Миний хамгийн анхны хийсэн модель усны машин. Үүнийг хийхэд нэг жил орчим хугацаа зарцуулсан. Толгой, рам, дугуйд нь үйлдвэрийн моделийнхыг ашигласан. Гэхдээ арын хэсэгт монгол хэв маяг оруулж байгаа зүйлсийг урландаа өөрсдөө хийсэн. Монголд явж байсан усны машиныг яг л тэр хэвээр нь авч үлдсэн. Монголчууд машинаа яаж гоёж, ингэж ганган сайхнаар авч явдаг ямар машины эд ангиудаас авч калпак, залаа тавьдаг яг л тэр дүрмийнх нь дагуу бүгдийг хийсэн. Энэ машиныг ус сувгийн удирдах газрынхан хэн нь ч хараад шууд танина. "3387 УБН " гээд номер, дугаар бүх зүйл нь байна.
Мөн Маршалын унаж байсан машины модель хийсэн. 1940-өөд оны үеийн бололтой номер, дугаар нь кирилл бөгөөд монгол цагаан толгойгоор номер дугаараа тавьсан байгаа юм. Маршал нэлээн хэдэн машин унасан байдаг. Тэдний нэг нь энэ Газ-11 гэж тэрэг байдаг.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.