Долоо хоног үргэлжилсэн БНХАУ-ын Коммунист намын XX их хурал өндөрлөж, Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хурлаас онцлох үйл явдлуудыг багцлан хүргэе.
БНХАУ-ын Улс төрийн товчоо 25 гишүүнтэй ба УТТ-ны байнгын хорооны долоон гишүүн нь ирэх таван жил БНХАУ-ыг удирдах юм. Харин ХКН-ын XX их хурлаар байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал, улс төрийн эрэмбээрээ хоёрдугаарт бичигддэг ерөнхий сайд Ли Кечяныг Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян залгамжлалаа. Тэрээр Ши Жиньпиний хамгийн итгэлт хүмүүсийн нэг гэж нэрлэгддэг бөгөөд өдгөө 63 настай. Ли Кечян нь харин 67 настай бөгөөд ирэх оны 3-р сард тэтгэвэртээ гарах юм.
Ингэснээр дараагийн ерөнхий сайд Ли Чян болохоор болжээ. Ийнхүү БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын нийт дөрвөн хүн байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнээс гарч, Бээжин хотын намын хорооны дарга Цай Чи, Ши-гийн итгэлт хүмүүсийн нэг Дин Шүэсян, Жао Лэжигийн залгамжлагч Ли Си нар шинэ гишүүдээр тодорлоо.
БНХАУ ирэх таван жилд Ши Жиньпиний баримталж байсан бодлогыг үргэлжлүүлэх нь ийнхүү тодорхой болж байна. Тодруулбал, “Тэг Ковид” бодлогыг сулруулахгүй. XX их хурлын нээлтээр Ши Жиньпин хэлсэн үгэндээ “Ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавина” гэсэн нь ийнхүү биеллээ олж байна. Харин Гадаад хэргийн сайд Ван И 24 гишүүнтэй улс төрийн товчоонд сонгогдож, Төв хорооны гадаад харилцааны комиссын тамгын газрын дарга 72 настай Ян Жечигийн халааг авсан. Ингэснээр Бээжингийн эрх ашгийг хамгаалах үүднээс илүү түрэмгий дипломат ажиллагааг явуулах магадлалтай байна гэж судлаачид таамаглаж байна.
ЭХ СУРВАЛЖ: VOA, BBC, XINHUA