Индонезийн Бали хотноо зохиогдсон энэ оны Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс Монголын баг тамирчид 25 медаль хүртэж бахдам амжилт гаргалаа.
Энэ оны аравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд ес хоногийн турш Индонезийн Бали хотноо "Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн" амжилттай зохиогдож уржигдар хөшгөө хаалаа.
Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар,бүтээлч байдал,тэсвэр тэвчээр,сэтгэлгээний цараараа өрсөлдөж тивийн аваргуудаа тодрууллаа.
Монгол улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, асран хамгаалагч, дагалдан явсан 23 нийт 61 хүний том бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилттай оролцлоо.
Монгол улсын тамирчид хувийн дүнгээр 8 медаль, Багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртсэн амжилттайгаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ.
Төв аймаг, 52-р сургууль,"Хан-алтай" клубын тамирчин спортын дэд мастер Эрдэнэбаярын Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангасан
Говьсүмбэр аймаг, "Мончесс" академийн тамирчин Мөнхпүрэвийн Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авчирлаа.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо