Гэрийн тэжээвэр амьтнаа хооллох уу, хүүхдээ хооллох уу гэсэн асуултаар BBC-ийн онцлох нийтлэл эхэлжээ. Цар тахал болоод Орос-Украины дайн дэлхий даяар хүнс, шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн тул иргэдийн амьдрал ч бэрхшээл, сорилттой тулж эхэлсэн. Улмаар гэрийн тэжээвэр амьтнаасаа Австрали иргэд хагацахад хүрсэн талаарх нийтлэл хандалтын тоогоороо дээгүүрт бичигдэж байна.
Тодруулбал, Австралид амьтны хүнс, хэрэглэгдэхүүний үнэ зургаадугаар сарын эцэс гэхэд 12 хувиар өсжээ. Энэ нь иргэдийн өөрсдийн хоол хүнснээс даруй хоёр дахин их өртөг болж байгаа юм. Канберрагийн амьтан хамгаалах төв хоёр жилийн өмнөөс буюу цар тахлын эхэн үеэс амьтнаа хооллоход санхүүгийн бэрхшээлтэй байгаа иргэдэд зориулж тэднийг дэмжих хөтөлбөр санаачилсан ба одоо хүртэл тусламж хэрэгтэй иргэдийн цуваа тасрахгүй байгаа аж.
Тэд аргагүйн эрхэнд буюу дийлэнх нь суурь хэрэгцээгээ хангаж чадахгүй болсны улмаас амьтнаа асрамжийн төвд ирж өгдөг тухай тус төвийн ажилтнууд хэлжээ. Бусад орнуудад ч мөн энэ нь нийтлэг асуудал болсон байна. Жишээлбэл, АНУ-д гэрийн тэжээвэр амьтны хоолны үнэ 10.3 хувиар, Европын Холбоонд 8.8 хувиар, Их Британид 8.4 хувиар өссөн үзүүлэлтүүд гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд зөвхөн хүн болоод улс орноор хязгаарлагдахгүй, амьтдад ч мөн ихээр нөлөөлж байгааг BBC онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC