Виржиниагийн Фэйрфакс Каунти-д болсон үсэглэлийн тэмцээнд 13 настай Монгол хүү Д.Эрдэм тэргүүн байр хүртжээ. Түүний талаар NBC агентлаг мэдээлэхдээ “Монгол хүүхдүүдэд урам зориг өглөө” хэмээн түүнийг онцолсон байна. Д.Эрдэм нь гурван ч удаагийн үсэглэлийн аварга бөгөөд түүний багш нь ээж Ж. Болормаа нь юм.
Англиар үсэглэлийн тэмцээнийг “Spelling bee” буюу махчилж орчуулбал үсэглэж буй зөгий гэсэн утгатай. Харин Д.Эрдэм хүү үүнийг анх сонсохдоо зөгий, зөгийн балтай холбоотой зүйл гэж боддог байснаа NBC агентлагт хуваалцжээ. Хожим энэ нь зөгийтэй огт холбоогүй зүйл байсан талаар тэрээр дурссан бөгөөд бага ангид байхаасаа л үеийнхээ хүүхдүүдийг манлайлж эхэлжээ.
Түүнчлэн Д.Эрдэм хүүгийн хамгийн сайн дэмжигч, ойрын туслах нь ээж нь гэдгийг ч хүү мэдээний үеэр хэлсэн байна. Түүний ээж Ж. Болормаа нь "Хүүгээрээ маш их бахархаж буйгаа сэтгүүлчид хэлж, АНУ-д байгаа бусад Монгол гэр бүлүүдэд аз жаргал, сайн сайхныг хуваалцмаар байна" гэдгээ илэрхийлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: NBC WASHINGTON