АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин, ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар утсаар ярьсныг аль аль талын батлан хамгаалах яамдууд баталлаа. Пентагоноос энэ ярианы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч батлан хамгаалахын сайд Ллойд Остин санаачилсан гэдгийг мэдэгдсэн байна. Түүнчлэн Орос-Украины дайны үед харилцаа холбооны шугам хэрэгтэй байгааг онцолжээ.
Нөгөө талд, "Олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, тэр дундаа Украины нөхцөл байдлыг хэлэлцсэн" гэж ОХУ Батлан хамгаалах яам мэдэгдсэн.Баасан гарагт хийсэн яриа нь 2-р сарын 24-нөөс хойш сайд нарын хооронд хийсэн хоёр дахь удаагийн яриа болж байна. Үүнээс өмнө тавдугаар сард Л. Остин Москваг "нэн даруй гал зогсоох"-ыг хэлж байсан юм. Украины зүүн нутгийн Кремлийг дэмжигч эрх баригчид Киевийн цэргүүд урагшлахын хэрээр тус улсын өмнөд хэсгийн Херьсон хот аюулын цэг болж байгааг тодорхойлсноос хойш энэ яриа өрнөсөн байна. Эргэн сануулахад Украин өнгөрсөн есдүгээр сард Херьсон хотыг эргүүлэн авах довтолгоогоо эхлүүлснээс хойш тус бүс нутгийн нийт 88 хот, тосгоныг чөлөөлснөө баасан гарагт мэдэгдсэн билээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Украины цэргүүд барууны зэвсгийн тусламжтайгаар Днепр мөрний баруун эрэг дагуу бүс нутгийн гол хот болох Херьсон руу урагшилж байгаа. Украины өмнөд хэсэг дэх энэ довтолгоо нь зүүн хойд Харьков мужид давгсанаас хойших дараагийн бай нь болж байгаа юм. Харьков мужид хийсэн сөрөг довтолгоо нь Оросын армийн Донбасс дахь хангамж, ложистикийг сүйрэхэд ихээхэн нөлөөлсөн билээ.
Эх сурвалж: AL JAZEERA