БНХАУ-ын Коммунист намын XX их хурлын хаалтын ёслолын үеэр тус улсын Ерөнхийлөгч асан Ху Жинтаог танхимаас гаргалаа. Энэ тухай мэдээлэл дэлхий дахинд хамгийн их анхаарал татаж байна. Тодруулбал, Ши Жиньпиний зүүн талд сууж байсан түүнийг хоёр ажилтан ирж, авч гарахыг оролдсон байна. Энэ үед Ху Жинтао эргэн тойрныхоо өндөр албан тушаалтнууд руу гайхсан харцаар харж байгаа нь AFP-ийн бичлэгэнд үлджээ. Харин түүний дэргэд сууж байсан БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Ху Жинтаог авч гарах гэсэн ажилтанд түүний хавтсыг өгч, боссоных нь дараа толгойгоо алчуураар арчсан талаар хэвлэлүүд онцолж байна. Ийнхүү Ху Жинтао танхимыг орхин гарахдаа Ши Жиньпинтэй үг сольж, түүний дэргэд сууж байсан Ли Кечяны мөрөн дээр зөөлөн алгадсан нь бичлэг дээрээс харагдсан юм. Ху Жинтао нь 2003-2013 оны хооронд БНХАУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан билээ.
Энэ хурлаар улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүн буюу БНХАУ-ын улс төрийн хамгийн том төлөөлөгчдийг сонгох учиртай. Гэвч шинэ бүрэлдэхүүнд одоогийн ерөнхий сайд Ли Кечян болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу тэргүүтэй дөрвөн хүний нэр хасагдсан байсан. Өөрөөр хэлбэл, тэдний нас 68 давсан тул тэтгэвртээ гарч байна гэж үзэж болох талаар хэвлэлүүд өнөө өглөө мэдээлсэн. Харин Ху Жинтаог гаргасан явдал улс төрийн зөрчилдөөний нэг илрэл гэж хэвлэлүүд бичиж байна. Тодруулбал, түүнтэй мөр зэрэгцэж ажиллаж байсан улс төрчдийг ийнхүү удирдлагаас гаргаж байгаад Ху Жинтао дургүйцсэн гэж үзсэн бол зарим нь эрүүл мэндийн шалтгаан гэж тодорхойлж байна. Энэ бичлэгийг БНХАУ-ын цахим платформуудад байршуулаагүй байна.
Эх сурвалж: REUTERS