УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж сүүлийн үед олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа гадаад паспортын асуудлаар иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчлэх талаар чиглэл өглөө.
Сүүлийн үед иргэд олон нийтийг бухимдуулаад байгаа үндэсний энгийн гадаад паспортын зургийг зөвхөн улсын бүртгэлийн ажилтан авч иргэдэд очер дараалал үүсгэж, цаг хугацаа алдаад байгаа асуудлыг дараах аргаар шийдвэрлэх чухал гэж үзэж байна. Үүнд:
- Үндэсний энгийн гадаад паспортын зургийг бүртгэлийн байгууллагын цахим санд байгаа өмнөх 1 жилийн дотор авхуулсан зургийн санг ашиглан иргэдээс зураг нэхэхгүй байх
- мэргэжлийн зурагчнаар авхуулсан зургаа иргэд файл хэлбэрээр авч ирсэн бол хүлээн авдаг байх
- иргэд бүртгэлийн ажилтнаар зургаа авхуулах хүсэлтэй бол зургийг нь авдаг байх
- иргэдийн цахим шуудангаар илгээсэн зургийг хүлээн авдаг байх
- е-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаар илгээсэн үндэсний энгийн гадаад паспортын хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэх
Ингэхдээ зөвхөн шаардлага хангасан зураг хүлээн авахыг иргэд болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад мэдээллээр хангах нь үл ойлголцол үүсэхээс сэргийлэх давуу талтай талаар санал хэллээ.
Түүнчлэн, иргэд цахим паспорттой болсноор бусад улсад зорчиход хялбар болох төдийгүй виз олголтын асуудалд ч нааштай өөрчлөлт гарна гэж үзэж байгаа тул гадаад паспортыг цахимжуулахтай холбоотой хөрөнгө санхүүгийн асуудлыг төсөвт тусгуулах талаар Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгт уламжлахаа илэрхийлж, иргэний үнэмлэхийг чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.