Монголын шинэ үеийн соён гийгүүлэгч, бичгийн их хүн Б.Ринченгийн нэрэмжит олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг 16 жилийн турш байгаль экологийн сайн дурын ажил хийж байгаа “My Club online community”-гийн залуучууд гаргажээ. Тэд Богд уулын Зайсан толгойн амны зүүн энгэрийн 3 га газрыг Б.Ринченгийн нэрэмжит Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгохоор зорьж, энэ сарын 15-ны өдөр шав тавилаа. Шав тавих ёслол тууз хайчлах бус мод тарих хэлбэрээр явагдсан бөгөөд 13-40 гаруй насны 120 гаруй хүн 8 төрлийн 1000 мод тарьсан байна. Энэ ажлын зардлыг “My Club online community”-г дэмждэг олон нийтийн хандиваар босгожээ.
Б.Ринченгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нь УБ хотоо тольдон харах хамгийн гоё орчин болно гэдэгт тус клубийн залуучууд итгэл төгс байна. Тэд цэцэрлэгт хүрээлэнгийн зураг дизайныг төлөвлөж, бүтээн босголтын тооцоо төсвийг гаргаж байгууллага, олон нийтийн оролцоог өргөн хамруулахаар ажиллаж байна. Олон нийтийн энэ цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 10 гаруй төрлийн 10,000 орчим мод тарьж ургуулахаас гадна иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж анхны зураг дизайнаа өөрчлөн алхалт, гүйлт, спортын дасгал хийдэг, хүүхэд, хөгшид салхилдаг орчин бүрдүүлсэн “Эко орчин”-той цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөжээ.
“Надад хэлбэл мартана, Надад харуулбал тогтооно, Надаар хийлгэвэл ойлгоно” гэдэг уриатай “My Club online community” нь сүүлийн 3 жилийн турш Богд уулын ойн нөхөн сэргээлтийн ажилд сайн дураараа оролцож байгаа бөгөөд өөрсдийн тарьж ургуулсан суулгац модоо Богд уулын 5 аманд тарьж, намар дуустал арчилгаа хийж иржээ. Түүнчлэн Монголын 16 газар хэдэн арван мянган мод ургуулахад гар бие оролцсон байна.
Ө. Билгүүн /97-р сургуулийн сурагч 13 настай/ “My Club”-ын сайн дурын ажилд энэ хавраас оролцож эхэлсэн. Эхэндээ гоё хоол, амттан идээд, хөгжилтэй сайхан орчинд татагдаад идэвхтэй явдаг байсан бол одоо ажил хийж сурахаас гадна мод тарих, түүнийгээ хэрхэн арчлах, услах гээд цөөнгүй зүйл мэддэг болсон. Цаашдаа идэхтэй байхыг хичээнэ. Б. Ринченгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болж, дараа нь тарьсан модоо хир ургасныг нь харахаар ирэх нь гоё.
Н. Насанжаргал /ШУТИС-ийн оюутан, 21 настай/ “My Club”-д яваад 6 жил болжээ. Бид олон газар мод тарьсан, олон газар хүмүүсийн тарьсан модыг усалж арчилж ирсэн. Монголд мод олноороо ургаж байвал хэний тарьсан мод нь хамаагүй, хамгийн гол нь их сайхан ургаад ой мод болоосой гэж хүсдэг. Манай ахмад үеийнхэн энд тэнд мод тарьсан, ингэж тэгж ургажээ гэж их ярьдаг. Тэгвэл өнөөдөр бидний тарьсан мод сайхан ургаж олон хүмүүсийн очих дуртай сайхан газар болоосой гэж хүсэж байна. Эндээс УБ хотоо харах сайхан байна. Тухайн сайхан орчноос харвал бүр гоё болох байхаа.