“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж БНХАУ Катар руу панда баавгай бэлэг болгон илгээлээ. Тодруулбал, дөрвөн настай 120 кг жинтэй эрэгтэй Жин Жин панда, гурван настай 70 кг жинтэй эмэгтэй Си Хай панда нар Катарт ирсэн байна. Тэднийг БНХАУ-ын Сычуаны шигүү ойд байгаа мэт зориулж хийсэн тусгай байгууламжид байрлуулах юм. Түүнчлэн пандануудыг хооллохоор шинэхэн хулснуудыг хүртэл долоо хоног бүр бэлтгэхээр болжээ.
Харин тэднийг олон нийтэд харуулахаас өмнө 21 хоног тусгаарлах юм. Катар 11 дүгээр сард дор хаяж 1.2 сая жуулчин хүлээж авах төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн хамгийн том спортын арга хэмжээнүүдийн нэгийг зохион байгуулах гэж буй анхны Ойрх Дорнодын орон болж байгаа юм. Панда нь устах аюул нэн өндөр амьтдын тоонд орж буй. Тухайлбал, ойролцоогоор 1800 панда зэрлэг байгальд амьдарч байгаа бол 500 нь амьтны хүрээлэнд байгаагийн дийлэнх нь Сычуанд байдаг.
Энэ амьтан БНХАУ-ын албан бус үндэсний бэлгэ тэмдэг болсоор ирсэн бөгөөд ойролцоогоор 20 гаруй оронд бэлэг болгон илгээж байжээ. Шинэ бэлгийн талаар Катарт суугаа БНХАУ-ын элчин сайд “тэд энд олон хүнд хайр, аз жаргал түгээнэ гэдэгт итгэж байна” хэмээсэн байна.
SOURCE: AP NEWS