Больчимгүй хэлсэн үгнээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Сарангэрэлийн сайдын суудал эзэнгүй байгаа. Түүний оронд хэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. Ер нь энэ яамыг ихэвчлэн эмэгтэй хүн удирдсаар ирсэн. Тиймдээ ч олны таамаг нэр, нөлөө бүхий зарим эмэгтэй гишүүн рүү чиглэж байв.
Гэхдээ олны таамаг энэ удаа ялимгүй зөрж мэдэх нь. Учир нь ХНХЯ-ыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан удирдах нь бараг тодорхой боллоо. Уг нь Т.Аюурсайхан өнөөг хүртэл зөвхөн УИХ-ын дарга болохыг "мөрөөдсөн". Энэ л албан тушаалд очихын төлөө хөшигний ард юу эсийг хийснийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ.
Улс төрийн тогоонд нэлээд “хор найруулдаг” гэх тодотгол түүнийг дагадаг. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, сүр хүч нь шалчийгаад буй Ж.Батзандан, Л.Болд нарын хамт М.Энхболдыг огцруулахын төлөө талбай дээр манлайлан жагсаж байв. Гэхдээ тэр хүссэн үр дүндээ хүрээгүй. Их санасан газар есөн шөнө хоосон гэгч л болсон. Албан тушаалын бялуунаас хамгийн бага хүртсэн, ашиггүй нүүдэл хийсэн нь тэр. Бусад нь Ерөнхий сайдаас авхуулаад хүссэн албан тушаалдаа очсон, томрохыг ёстой нэг үзүүлэх шиг болсон. Гэхдээ Т.Аюурсайхан бүр нэг хоосон хоцроогүй. Уг нь, УИХ-ын дэд дарга болсон. Гэхдээ энэ албан тушаалаа Т.Аюурсайхан чамладаг уу гэвэл чамладаг. Чамлахаар чанга атгая гээд сайд болохоос өөр нүүдэл одоо түүнд үлдээгүй.
Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох эсэхийг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шийдэх юм.