Жолооны курсүүд тухайн иргэнийг жинхэнэ жолооч болгох гэж хичээдэг ч цахимаар “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө” гэсэн зар олон байдаг талаар Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооныхон хэлж байна. Энэ хууль бус үйлдлийг цагдаагаар шалгуулсан ч нотолгоо олж чаддаггүй талаар мөн мэдээллээ.
“Жолооны сургалт муу газрууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ манай холбоо 2019 онд шинэчлэгдсэн. Ингээд сургалтын чанарыг дээшлүүлэх шаардлага тавьснаар сургалтын төлбөрөө өсгөсөн байгаа. Авто сургуулиудын материаллаг баазыг ашиглан шалгалт аваад 30 жил болж байна. Хотын жолооны шалгалтад жолооны багшийг тээврийн хэрэгсэлтэй нь дууддаг. Тэр хүн сургалтдаа анхаарах ёстой байтал, давхар шалгалт өгүүлэхийн тулд очдог.
Шалгалтыг хувь хүн авч байна гэдэг нь танил тал харна гэсэн үг. Тиймээс шалгалтын төв байгуулбал зохилтой. Маш бага зардлаар шалгалтыг зохион байгуулах боломжтой. Хувийн хэвшилд жолооны шалгалт авах үйл ажиллагаа шилжсэнээс хойш 30 жил болжээ.
Шалгалтын үйл ажиллагааг шударга, олон нийтийн хяналттай, дээрээс нь иргэдэд чирэгдэлгүй байлгах ёстой.
Жолооч нар төгсөж гараад л өөрийн болон өрөөлийн амь насыг дааж явдаг. Тиймээс иргэдээ замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээрээ оролцохыг хүсье” гэлээ.