Өнөөдрөөс нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Цэргийн насны залуусыг энэ сарын 23-ныг дуустал татаж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын онцог нь залуусыг нэг дор цогц шинжилгээнд хамруулж байгаа аж. Гартаа хавтас барьсан залуус гадаа дугаарлаж зогсоно. Тэдний зарим нь ээж аавтайгаа цуг иржээ. Хүүгээ явуулах гээд догдолж буй тухайгаа, цэргийн албаар бахархдаг талаараа, бас эмээж болгоомжилж байна хэмээн тэд ярьж байсан юм.
Хан-Уул дүүргийн цэрэг татлагын товчоонд дүүргийн эмнэлгийн эмч нар эгнэн сууж байна. Энд цусны дэлгэрэнгүй шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээг нэг дороос, хүндрэл чирэгдэлгүй боломжийг бүрдүүлж өгчээ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Л.Мэдэхгүй “Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар эрүүл мэндийн шаардлага хангаагүй залуусаа бид хяналтад авсан. Өмнөх ээлжнээс харахад залуусын дунд шүд, зүрхний өвчлөл, жингийн илүүдэл хамгийн их байна. Бид нарийн оношилж, цаашид юун дээр анхаарах талаар зөвлөгөө өгч, хяналтандаа авч байна” гэж ярилаа.
Монгол улсын 18-25 насны залуус хуульд заасны дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. Залуус зарлан дуудах хуудас авснаар цэрэг татлагын байранд өөрийн биеэр ирэх шаардлагатай. Хэрэв зарлан дуудахаа авсан ч цэрэг татлагын товчоонд ирээгүй тохиолдолд 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох заалттай талаар албаныхан ярьж байлаа. Иймээс залуусыг хоёрдугаар ээлжийн цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдаж, хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.