Монголын үндэсний бөхийн түүхэнд багаасаа шуугиулж, аварга болох ирээдүйтэй, том цолтнуудын залгамж гэж үнэлэгдсэн бөхчүүдийн нэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат бөх, улсын начин Батжаргалын Лхагвадорж. Улсын наадмын хүүхдийн барилдаанд 13 настайгаасаа гурван жил дараалан түрүүлсэн, 14-тэйдөө сумын заан, 17-тойдоо аймгийн арслан болсон бахдам амжилт түүнийх. Тэрбээр улсын начны цолны найраа өнөөдөр хийнэ. Үүнтэй холбогдуулан, түүний талаар бичсэн хөргөө сонирхуулъя.
Багаасаа бөхийн спортод хорхойссон Б.Лхагвадорж 2012 онд Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь болж, өдгөө амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2011 оны намар Өвөрхангай аймагт болсон юм. Ц.Шийрэв багш эл тэмцээнд шавь нараа дасгалжуулан оролцох үеэр Б.Лхагвадоржийн ах түүнтэй уулзан, дүүгээ шавь оруулжээ. Улмаар дараа жилийнх нь Цагаан сарын дараа Б.Лхагвадорж хотод ирснээр тэд багш, шавь болсон гэдэг.
14 НАСАНДАА СУМЫН ЗААН БОЛОВ
Тэрбээр багын биерхүү хүүхэд байж. 14 настайдаа 170 см өндөр, 80 кг жинтэй байсан гэнэ. Б.Лхагвадорж үндэсний бөхөөр хэдхэн сар хичээллээд улсын наадмын өсвөрийн барилдаанд зодоглон, өөрөөсөө насаар ах бөхчүүдийг давсаар түрүүлжээ. Дараа жил нь Дундговь аймгийн Дэрэн сумын наадамд түрүүлж, 14 насандаа сумын заан цол хүртэв. Хажуугаар нь самбо, жүдогоор чамлахааргүй амжилт гаргасаар байлаа.
УЛСЫН НААДМЫН ХҮҮХДИЙН БАРИЛДААНД ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН
Тэрбээр улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн амжилтаа 2013, 2014 онд баталж, Монголын үндэсний бөхийн түүхэнд анхдагч болсон. Учир нь эл барилдаанд гурван жил дараалан түрүүлж, улсынхаа шилдэг болсон бөх Б.Лхагвадоржоос өөр үгүй.
17 НАСАНДАА АЙМГИЙН АРСЛАН БОЛОВ
Анхны гэх тодотгол бүхий түүний амжилт үүгээр дуусахгүй. Тэрбээр анхдагч болсон жилээ Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж, арслан болохдоо 17 настай байв. Тэгснээр хамгийн залуудаа эл цолыг хүртсэн бөх болсон билээ. Өдгөө ч түүний амжилт эвдэгдээгүй явна. Улмаар 2020 онд аймагтаа дахин түрүүлж, аймгийн хурц арслан болсон юм. Улсын өндөр цолтон болох бүр цаашлаад төрийн наадмын түрүү хүртэх ирээдүйтэй хүчтэн гэж түүнийг үнэлдэг хүн олон.
Б.Лхагвадорж үндэсний бөхөөс гадна самбо, жүдо, жиү жицүгээр хичээллэдэг.
“ИРЭЭДҮЙН АВАРГА” Б.ЛХАГВАДОРЖ
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат жил бүрийн сар шинийн барилдаанд онцгой сайн барилдсан бөхөд “Ирээдүйн аварга” хэмээх шагнал олгодог уламжлалтай. Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, Ө.Даваабаатар нарын шилдгүүд уг шагналыг хүртэж байсан түүхтэй. А.Сүхбат аварга “Ирээдүйн аварга” шагналаа Б.Лхагвадоржид 2019 онд олгосон юм.
2019 онд болсон Шинэ үндсэн хуулиа баталсны 27 жилийн ойд зориулсан барилдааны үеэр улсын аварга Н.Батсуурь түүнийг эвгүй унагаасан нь олныг талцуулсан билээ. Зарим нь “Жудаггүй зан гаргаж, залуу бөхийг бэртээх дөхлөө” хэмээн шүүмжилсэн бол “Үндэсний бөх тулааны спортын нэгэн төрөл. Аварга өрсөлдөгчөө албаар тэгж шидээгүй. Бөхөд иймэрхүү зүйл байлгүй яах вэ. Бэртэж мэдэхээр эвгүй унасан нь Лхагвадоржийн буруу” гэсэн юм.
УЛСЫН НАЧИН ЦОЛ ХҮРТЭВ
Жил жилийн наадамд улсын цолны таамагт багтаж явсан хүчтэнүүдийн нэг нь яах аргагүй Б.Лхагвадорж. Тэрбээр өнөө жил улсын наадамд тав даван, улсын цолтны эгнээнд багтсан юм. Б.Лхагвадорж энэ жил наадмын дэвжээнд барилдахдаа нэгийн даваанд сумын заан Л.Жамсранг, хоёрын даваанд аймгийн заан Ч.Энхзаяаг, гурвын даваанд улсын начин Л.Шинэбаатарыг, дөрвийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, тавын даваанд улсын начин Э.Ванданцэрэн /Архангай аймаг/ нарыг өвдөг шороодуулсан. Ингэснээр 24 насандаа улсын начин цол хүртсэн юм.