Энэ жил баруун аймгуудад газрын гарц тааруу байснаас хадлан тэжээлээ авахад хүндрэлтэй болсон. Тэгвэл Говь-Алтай аймгийнхан Дархан-Уул аймагт ирж хадлангаа бэлтгээд буцаж байна. Тэд техниктэйгээ ирж, өөрсдөө хадлангийн талбайд ажилласнаар 90 гаруй сая төгрөг хэмнэж чадсан байна. Өөрөөр хэлбэл, өвс алга гэж суухын оронд баруун бүсээс газар тариалангийн бүс Дархан, Сэлэнгийг зорин ирж, аюулгүйн нөөцөө ч бэлтгэж, хэмнэлтийн бодлогоо ч хэрэгжүүлж чадсан байна. Бэлтгэсэн өвсөө ачаад Говь-Алтай руу хөдлөх гэж байхад нь бид Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр ярихдаа “Манай аймаг Сэлэнгэ, Дарханы заагаас аюулгүйн нөөцийнхөө өвсийг бэлдээд ачуулж байна. Нийт 10 мянган боодол өвсийг өөрсдийнхөө текниктэй ирж бэлтгэлээ. Нэг боодол өвсийг тээврийн хөлс 7000 төгрөг байхаар тооцон ачуулж, Алтай хотод хүргэх гэж байна. Нэг боодол өвсийг хадах зардал мянган төгрөг гээд бодоход боодол өвс 8 мянган төгрөгийн өртөгтэйгээр аймагт маань очихоор байна. Дарханы төв дээр боодол өвс 7 мянга орчим төгрөг байна. Өнөөдөр өвсний үнэ Говь-Алтай аймгийн маань төвд 15-16 мянган төгрөг байна. Тэгэхээр бид аюулгүйн нөөцөө 80 гаруй сая төгрөгөөр бэлдэж чадлаа. Хэрэв тендер зарлаж өвсөө бэлтгэсэн бол 170 сая төгрөг шаардагдахаар байсан. Бид үндсэндээ 90 орчим сая төгрөг хэмнэчихэж байна гэсэн үг. Энэ өвсөө аймгийн аюулгүйн нөөцдөө аваад, хүндэрсэн сумдын малчид, иргэддээ хямд өртгөөр өгөх боломж бүрдэж байгаад баяртай байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.