Засгийн газрын гишүүд мэдээлэл хийх үеэр цаг үеийн асуудалтай холбоотой зарим мэдээллийг өглөө. Энэ үеэр төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.
Тэрбээр, Ирэх онд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төр өөрөөсөө эхлэн хэмнэлт хийхийг нэн тэргүүний зорилт болгож байгаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр урсгал болон хөрөнгө оруулалт, түүнчлэн гадаад зээлийн ашиглалтын зардлыг оруулан тооцвол нэг их наяд төгрөгийн хэмнэлтийг бий болгож чадсан.
Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийж цалин хөлсийг ажилласан жил, бүтээмж, хүрсэн үр дүнтэй уялдуулан уян хатан тогтоодог зарчимд шилжихийг зорьж байна. Энэ хүрээнд төрийн албаны цалингийн нэмэгдэл, шатлалыг үндэслэлтэй, бодитой болгох өөрчлөлтүүд орж байгаа.
Түүнчлэн, төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурыших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-оос доошгүй хувиар тогтооно.
Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх цогц бодлогыг дэмжиж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяанд Төрийн үйлчилгээг зохицуулах газрыг тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тусгалаа.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн яамд машинтай байхыг хязгаарласан. Энэ хүрээнд зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харгалзан бүх яамдад тээврийн үйлчилгээний зардалд зориулж 200.0 сая төгрөгийг л төсөвлөөд байна. Ингэснээр зардлын 50 орчим хувийн бодитой хэмнэлт бий болно.
Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих дээрх төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд,
- эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч
- инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж
- Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг
- нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг
- төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэлээ.