БЗД-ын 26-р хороонд Норжин худалдааны төвийн ард болсон осолтой холбогдуулан нийгэмд үл ойлголцол үүсэж буй талаар ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат мэдээллээ. Долоон машин мөргөж хоёр хүүхэд гэмтээсэн үнэмлэхгүй жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон байна.
Иргэн М Зүүн дөрвөн замаас хөдөлж дүрмийн зөрчилгүй явсаар осол болсон газарт очжээ. Тухайн өдөр цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Осол болсноос 15 минутын хугацаанд цагдаа, эмнэлгийн байгууллага очиж хамгаалалтад авсан. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн эрүүл мэнд тогтвортой байгаа талаар хэлэв.
Хэргийг хариуцаж буй Цагдаагийн хошууч Хосбаярын мэдээлснээр "Шинжээчдийн дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар иргэн С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоосны дагуу зүүн өвдөг шалбарч, зуларсан нь хөнгөн гэх ангилалд багтдаг. Харин нөгөө охины хувьд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Эрүүл мэндийн нэмэлт шинжилгээнд оруулж байна. Тухайн хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан гэлээ.
Харин ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү осол гаргасан М-ийг Цагдаагийн дарга Р.Чингис гэдэг хүний охин биш гэдгийг хэлэв. Хэрэв худал гүтгэлгийн шинжтэй ийм мэдээллийг санаатайгаар тараавал зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэж анхаарууллаа.