УИХ-ын дарга Г.Занданшатар Турк улсад энэ сарын 13-17-нд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалтай холбоотой мэдээллээ цахим хуудсандаа нийтлэхдээ “БНМАУ” гэж бичсэн нь олон нийтэд шүүмжлүүлээд буй.
Энэ асуудалд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр хариуцлага хүлээн, ажлаа өгөхөөр болжээ.
Тэрбээр энэ талаар "Монгол Улсын Их Хурлын даргын Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал нь түүх, соёлын эртний хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Турк Улстай тогтоосон найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах, хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллага хооронд болон худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна.
Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо.
Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан.
Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье" гэв.