Өчигдөр 14 цагийн үед, 306 дугаар ангийн албан хаагчид Хэнтий аймгаас цэрэг татан явж байхдаа осолджээ.
Тодруулбал, нэг ахлагч, нэг офицер тэргүүтэй 15 цэргийн алба хаагч Түмэнцогт сумаас 40 км-ын зайд явж байх үед зам тээврийн осол гарсан байна. Шалтгаан нь машины хүрдний аппарат хагарч хажуулдсан талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээллээ.
Тэрбээр "Цэрэг халах татах ажиллагаа 14-24-ний хооронд зэрэг болж байна. Дөрвөн цэргийн толгой хагарсан. Хоёр цэрэг гэмтсэн гэсний дагуу яаралтай тусламжийн шуурхай бүлэг очиж Хэнтийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн. Хоёр цэрэг хүзүүний зөөлөн эд нь гэмтсэн. Бусад нь зүгээр. Тэндээ эмчлээд явуулна. Хятадад үйлдвэрлэсэн "Паб" гэх уг машиныг 2008 оноос ашиглаж ирсэн. Цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглаж болохгүй гэдэг ч олон хүн тээвэрлэх үед хүрэлцэхгүй байна.
Мөн ням гарагт пургон машин осолдож зургаан цэрэг эрүүл өнгөрсөн. Хилийн цэргийн ангид машин тэрэгний асуудал хүнд байна. Бид хоногоор явж хээр хонож байна. Шөнийн 22 цагаас хойш хөдөлгөөн үйлдэхгүй байх ёстой тул замдаа хонохоос өөр аргагүй. Манайх нийтдээ 1200 гаруй машинтай, үүнээс хамгийн эртнийх нь 90-ээд оны машинтай. 1-16 жил болсон машиныг энгийн л гэж ашиглаж байгаа ч хугацаа нь дууссан шүү дээ. Цувааны хурд 30 км цаг орчим байсан. Хүүхдүүдийн эцэг эхэд мэдэгдсэн. Эцэг эх нь эмнэлэгт ирсэн. Хүүхэд айдас хүйдэстэй байгаа хэрэв үргэлжлэн цэрэгт алба хаах боломжгүй гэвэл энэ удаа өнжөөнө. 2017 онд батлуулсан парк шинэчлэлийн дагуу 2023 онд 20 гаруй тэрбум төгрөгөөр хилийн цэргийн автомашиныг шинэчилнэ" гэв.