“Би охиноо эдгэж, инээгээд алхахыг харна гэж итгэдэг. Гурван ах, эгч нь дүүдээ даашинз өмсгөөд хөтлөөд явна гээд ярихаар өр зүрх өмрөх юм” хэмээн иргэн Б.Баярцэнгэл нулимс дуслуулав. Намар оройн сэрүү унаж, жиндүү салхитай ч тэд аргаа барахдаа охиноо өлгийдөж, давхар хучиж зузаалан төв талбай дээр сууж байна. Охин уйлж аав ээжийгээ сандаргах тул Сүхбаатарын хөшөө тойрон тэвэрч алхах, тэргэн дээр нь суулгах түрэх зэргээр аль болохоор л байдаг аргаа шавхана.
Ой ч хүрээгүй бяцхан охин Ч.Нэргүй тархины усжилт оношоор оношлогдож, улмаар гадаад улсад зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Түүний аав ээж нь охиноо тэврэн өнгөрсөн зургаадугаар сард Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Улаанбаатарыг зорин иржээ. БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэг дурангийн болон шарлагын аппаратаар охиныг 100 хувь эдгээх боломжтой гэсэн хариу ирүүлжээ. Тиймээс охины аав ээж нь өнгөрсөн зунаас хойш сайхан сэтгэлт Монголчууддаа хандаж, Сүхбаатарын талбайд тусламж гуйж байна. Охины эмчилгээнд нийт 140 орчим сая төгрөг шаардлагатай бөгөөд одоогоор 50 сая төгрөг нь бүрдээд байгаа юм байна.
ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭС ХОЙШ Л ОХИНЫ МИНЬ БИЕ МУУДАЖ ЭХЭЛСЭН
Ч.Нэргүй охин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд төржээ. Төрсний дараа вакцин хийлгэсэн даруйд охины бие татаж, огцом муудаж эхэлсэн. Юу тарчхав аа гэж гайхшаа барж байна. Бас, тархины усжилттай болсон хүүхдийг эрт оношлох боломж бололцоо алга байна шүү дээ” хэмээн охины ээж ярив. Охин байнгын уйлаастай, бие нь тавгүйрхдэг тул энгэрээсээ салгадаггүй. Амьсгал нь давчдаж, бие нь муудаад байдаг болохоор аль болох л зардлаа бүрдүүлээд Солонгос руу явахыг зорьж байна” гэж байлаа. Биднийг ярилцлага авах хооронд охин уйлж, аав ээж нь барьц алдана. Харин сайхан сэтгэлт хүмүүс тэдний өмнөө тавьсан хайрцганд тав гурван төгрөгөөрөө хийх нь тэдний сэтгэлийг дулаацуулна.
ХОВДООС СОНГОГДСОН ГИШҮҮД МИНЬ БИДНИЙГ СОНСООЧ, ГУЙЖ БАЙНА
Охины аав ээж Улаанбаатарт зургаадугаар сард ирж, есдүгээр сарын дунд хүртэл байжээ. Гурван хүүхдээ дагуулаад ирчихсэн тул аргагүйн эрхэнд Ховд руугаа буцаж, хүүхдүүдээ сургуульд нь хүргээд ирсэн байна. Зардал хэзээ бүрдэнэ, тэр цагт Сүхбаатарын талбайгаасаа бууна гэж бодож байгаа ч байн байн асууж сураглах гурван үрдээ санаа зовниж байна хэмээн тэд ярьж байлаа. Тэд энд суух хугацаандаа Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүнд удаа хандсан ч нэг ч удаа хүлээж аваагүйд гомдолтой байгаагаа хэлсэн юм. “Бид мөнгө өг гэж гуйгаагүй. Зүгээр л хүлээж аваад, хэдхэн минут сонсоод гарц хэлж өгөөч. Зүгээр л зөвлөлдөөч, зовлонг минь сонсооч” гэж хэлмээр байна. Сонгуулиар л хайр зарлаж очдог хэрнээ бусад үед нь иргэнийхээ үгийг сонсдоггүй байж болохгүй биз дээ. Монголын эрүүл мэндийн тогтолцоонд ч гомдож байна. Эмчилгээ хийлгэж ирсний дараа 5 хувийг нь авах боломжтой юм билээ. Өөрөөр гарц байхгүй гэж ЭМЯ-наас хариу өгсөн гэж ярив.
Тэд Улаанбаатарт байх хугацаанд байх байрнаас авахуулаад зардал мөнгө чамгүй гарч байгааг ч учирлаж байлаа. Айлд байх хэцүү тул хоногийн 40 мянган төгрөгийн үнэтэй өрөө түрээсэлж байгаа тухайгаа ч хэлсэн юм. Ийнхүү Г.Нэргүй охиныг аврах “Бяцхан зүрх” хандивын аян үргэлжилсээр байна. Та бүхэнд сэтгэлийн хандив өргөж, бяцханд зүрхэнд амьдрал хайрлаарай.
Хандивын данс: 5854079198 /Ээж Б.Баярцэнгэл/
Холбоо барих утас: 88689602, 80999602
Бичлэгийг дээрээс үзнэ үү.