Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт Сэлэнгэ аймгаар үргэлжилж байна. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж, хоршоод, төрийн албаныхан оролцож өргөн цар хүрээнд болж өндөрлөлөө.
Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж, 200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Ургац тогтоолтын дүнгээр улаанбуудай 129340 га-д хураалт хийхээс 575 га талбай мөндөрт цохигдон ургац алдаж, 128765 га талбайгаас 13,4 центнер буюу 157358 тонн ургац хураан авах урьдчилсан баланс гарсан. Намрын ургац хураалтад 411 комбайн, 125 будаа цэвэрлэгч, 128 будаа ачигч, 10 төмсний комбайн, 5 даршны комбайн, 27 төмс ухагч, 32 хүнсний ногоо хураагч, 22 механикжсан үтрэм ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүртгэлтэй 154 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршооны 52 хувь нь газар тариалан, мал аж ахуй хосолсон, 9.2 хувь нь мал аж ахуй, 10.2 хувь нь түүхий эд бэлтгэл, 13.3 хувь нь газар тариалан, 15.3 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийлүүлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг манлайлж, үр дүнтэй ажиллах зорилт дэвшүүллээ. Цаашид зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ гаднын улс орнууд руу экспортлох боломжийг эрэлхийлж ажиллах юм.