Ардчилсан намаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж байна. Ингэхдээ 2023 оны төсвийн төсөл ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэж үзэн Засгийн газраас татан авахыг шаардаж буй юм.
Энэ талаар Ардчилсан намын эрх баригчид дараах мэдээллийг өглөө.
“АН-ын Үндэсний бодлогын хорооны 2022 оны аравдугаар сарын 13-ны өдрийн Намрын анхдугаар хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргалаа.
Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл нь эрх баригч улс төрийн хүчин болох МАН-ын зүгээс 2024 оны сонгуульд бэлтгэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахад чиглэсэн луйврын төсөв болсон гэж Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэйгээр дүгнэсэн. Төсвийн хөрөнгөөр их хурдын дарга нь хүртэл тоглоод сууж байна.
Улс орны эдийн засаг доройтож, хүний эрх зөрчигдөж, ААН үй олноороо хүнд байдалд унаж байгаа энэ үед, эдгээр асуудлуудтай уялдуулан төсвийн төслийг хэлэлцлэж батлах хэрэгтэй. Монгол улсын 2023 оны төслийг Засгийн Газар татан авч, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэн төсөв батлахыг шаардаж байна. Төсвийн төсөлд тусгагдсан татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Мөн 1.5 их наядын алдагдлыг арилгаж тэнцвэржүүлэх нь зүй. Цаашлаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг мэдэгдэхүйц түвшинд бууруулахыг шаардаж байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, ахмадын тэтгэврийн хэмжээг өсгөх, хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох шаардлагатай байна.
Түүнчлэн:
- УИХ-ын дарга Г.Занданшатар,
- ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун,
- Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,
- ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардлаа.
Шаардлагын хариуг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд бүх нийтийг ажил хаялтад уриалж, шаталсан эсэргүүцэл зарлана" гэв.