БНХАУ-ын Коммунист намын XX их хурал өчигдрөөс эхэлж, долоо хоног үргэлжилнэ. Хурлын нээлтэд Ши Жиньпин Хятадын ард иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан тэг ковид бодлогыг сулруулах эсэх асуудалд “үгүй” гэж хариуллаа. Учир нь ард иргэдийн амь насыг аврах нь тэргүүний зорилт гэж тайлбарласан байна.
Хөл хорио, олныг хамарсан шинжилгээ, аялал жуулчлалын хязгаарлалт зэрэг нь ойрын ирээдүйд ийнхүү хэвээр байх нь тодорхой боллоо. Түүнчлэн тэрээр энэ бодлогоос болж нийгэм, эдийн засагт учирч байгаа хохирлын талаар огт дурьдаагүй нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэ нээлтийн илтгэлд Хятадын нийгэмд тулгамдаад байгаа бусад асуудлууд болох үл хөдлөх хөрөнгийн хямрал, залуусын ажилгүйдлийн талаар мөн ярьсангүй.
Харин олон нийтийн алга ташилтыг хүлээн авсан асуудал бол геополитикын цаашдын анхаарах асуудал буюу “Тайванийн” асуудал юм. Тэрээр “Тайваньтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, энх тайвнаар нэгдэхийг чармайж байгаа боловч хүч хэрэглэхээс татгалзана гэдэг амлалт өгөхгүй” гэлээ. Түүнчлэн Хонг Конгийн асуудлаар олны шүүмжлэлд багагүй өртөөд байсан Үндэсний аюулгүй байдлын хуулийг хамгаалж, Хонг Конгд дэг журам сэргээсэн гэж онцолжээ.
SOURCE: BBC