Ирэх онд манай улсын банк санхүүгийн салбар ямар байх талаар эдийн засагч Б.Чойжамцаас тодрууллаа.
1. Системийн таван банк IPO хийж, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Санхүүгийн зохицуулах хороогоор баталгаажуулаад байна. Төрийн банкнаас бусад дөрвөн банкинд нэг хувьцаа эзэмшигчийн эзэмших хувь 20 хувь хүрч буураад байна.
2. Өнөөдрийн байдлаар, төлбөрийн чадварын асуудалтай 2-3 банк бий. Тэд бусад банктай нийлэх, аль эсвэл шинэ бүтцийн өөрчлөлтөнд орох магадлалтай. Одоо байгаа 12 банкны тоо нэг оронтой тоонд хүрч буурч болох юм.
3. Ирэх онд банкуудын хадгаламжийн хүү өснө, өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ хэрээр урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл бага олдох боломж нэмэгдэнэ. Үүнтэй уялдаад үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэлээд цохилт өгнө.
4. “Халаасны” “ББСБ”-ын тоо буурна. Тэд мөнгөн хөрөнгийн дутагдалд орно.
5. Бичил зээлдэгч нар хувь иргэдээс өндөр хүүтэй зээл авч санхүүгийн дарамтанд орох нь нэмэгдэнэ
6. Нэг талаар банкууд IPO хийж байгаатай холбоотойгоор, нөгөө талаар бусад компаниудын мөнгөн хөрөнгийн дутагдлаас үүдэн IPO, бонд сонирхох эрэлт нэмэгдэнэ. УИХ-д ААН-ийн IPO хийж нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай холбоотой холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн ААНОАТ-аас хасах зардлаар тооцох хууль өргөн бариад байна. Хэрэв хууль батлагдвал компаниуд хөрөнгийн зах зээл рүү орох боломж илүү нэмэгдэнэ.
7. Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 36 хөрөнгө оруулалтын сангийн зориулалттай хөрөнгө оруулалтын менежментийн компани байна. Тэдний сангийн үйл ажиллагааг татвараас чөлөөлөх заалт УИХ-д орж ирээд байна. Үүнтэй уялдан үйл ажиллагаа нь идэвхжих боломжтой.
8. Монгол улсад бүртгэлтэй ААН-ийн ҮЦЗЗ-н нээлттэй арилжаанд хөрөнгө оруулсан этгээдийн этгээдийн гадаад бол 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгож бууруулж байгаа нь хөрөнгө оруулагчдыг татах дэмжлэг болно.
9. Хөрөнгийн зах зээл түүхэндээ анх удаа 6 их наяд хүрээд байгаа ба дээрх гурван өөрчлөлтийн үр дүнд цааш нэмэгдэх боломжтой
10. Эдийн засгийн өсөлт саарч хүнд жил хүлээж байгаа ч банк санхүү, хөрөнгийн зах зээл эрүүлжих чиглэл рүү явах боломжтой гэж харж байна.