Энэ удаагийн сонгуулийн хамгийн анхаарал татаж байгаа үйл явдал бол мэдээж БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрх дахин хэрэгжих эсэх тухай юм. Энэ хурал нь 5 жилд 1 удаа болдог, тэр хэрээр БНХАУ-ын цаашдын 5 жилийн төлвийг шийдэх чухал ач холбогдолтой. Түүнчлэн намын дүрэмд өөрчлөлт оруулахаар байгаа нь Ши Жиньпины цаашдын хувийн статусыг нэмэгдүүлэх төлөвтэй байгааг шинжээчид онцолсон.
Хятадын XX Их хуралд оролцох 2296 төлөөлөгчдөөс эмэгтэйчүүдийн эзлэх хувь 3 хувиар нэмэгдэж, 27 хувь буюу нийт 619 гишүүдийг бүрдүүлжээ. Харин үндэсний цөөнхийн төлөөлөгчид 12 орчим хувийг буюу нийт 264 байгаа нь өмнөх намын хуралтай ижил байна. Түүнчлэн эдгээр төлөөлөгчдийн дундаж нас 52.2 байна.
Геополитик нь Ши Жиньпиний анхаарах тэргүүний ажлуудын нэг гэдгийг хэвлэлүүд онцлоод “Хонг Конгийн бослого, Тайванийн цэрэг армийн асуудал”-ыг хэлэлцсэнийг нь мэдээллээ. Ингэхдээ “Нэг Хятад” буюу БНХАУ-ын ашиг сонирхлыг цөм болгоно гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү хурал нь 22-ныг хүртэл буюу 7 хоног үргэлжилнэ.
Хурлын хүрээнд 2296 төлөөлөгчдөөс төв хорооны 200 гаруй гишүүн, эдгээр 200 төв хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ 25 хүнтэй улс төрийн товчоог байгуулах юм. Улмаар хурлын төгсгөлд “удирдагч”-ийг сонгоно. БНХАУ-ын коммунист намын XX их хурал хаалттай түвшинд явагддагаараа бас нэг онцлогтой. Ши Жиньпин хүчирхэг холбоотнуудаа өндөр албан тушаалд дэвшүүлснээр эрх мэдлээ улам бэхжүүлж, Мао Зэдунаас хойш ашиглагдаагүй “ардын удирдагч” цолыг нам нь сэргээнэ гэсэн таамаг аль хэдийн бий болоод байгаа билээ.
SOURCE: CNN, NPR