
УИХ-ын дарга Г.Занданшатар мод тарихыг уриалсан анимейшнээ өчигдөр өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн. Энэ нь түүний “дүр бүтээсэн” анхных нь анимейшн бус. Гурав дахь удаагийнх нь.
УИХ-ын дарга өмнө нь буюу энэ сарын 1-нд Ахмадын өдрөөр, 5-нд болсон Дэлхийн багш нарын өдөрт зориулсан мэндчилгээгээ 3D анимейшн хэлбэрээр хийлгэн, өөрөө гол дүрд нь "тоглосон" юм.
2024 оны сонгуулийн салхи сэвэлзсэн, улс төрчид өөрсдийгөө хэдийнэ сойгоод эхэлсэн энэ цаг үед УИХ-ын дарга яг мод тарихыг уриалахын тулд ийм анимейшн хийлгэсэн үү. Өмнөх хоёр анимейшн нь ч мөн адил ахмадуудад, багш нарт мэндчилгээ л хүргэх зорилготой байсан уу.
Мэдээж бусад улс төрчийн адил Г.Занданшатар дараагийн сонгуульд өөрийгөө бэлдэж байгаа. Өмнөх сонгуульд Баянхонгор аймгаасаа яаж арайхийж гарч ирлээ дээ. Ер нь өвдөг шороодох дөхсөн. МАН-ын нэр хүнд, нөлөө, хөдөөгүүр УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг өмнөө барьж явсныхаа хүчинд л гарч ирсэн. Дараагийн сонгуульд өвдөг шороодох вий гэсэн айдас одоо түүнд байгаа. Тиймээс хэн хүнээс илүү өөрийгөө яаж рекламдак вэ гээд хичээгээд байх шиг. Гэхдээ PR гэдэг тохирвол онодог, хэтрүүлдэг “цөмөрдөг” талтай.
УИХ-ын даргын пи-ар цөмөрлөө. Түүний пи-ар ядмаг агаад мэдрэмжгүй байна. “Яаж бодохоороо анимейшн хийлгээд, өөрөө гол дүр нь болъё гэж боддог байна аа” гэж шүүмжилж буй хүн олон. Хэдийгээр энэхүү анимейшныг бүтээхэд улсын төсвөөс мөнгө гаргаагүй гэж байгаа ч хийлгэсэн ажилтан нь улсын төсвөөс цалинждаг.
Сонгууль болтол зай байна. Тэр болтол юу эсийг үзүүлж, ямар ч гол дүрд “тоглож” мэдэх нь, УИХ-ын дарга. Тиймээс Г.Занданшатар дарга өөрийнхөө PR дээр жаахан мэдрэмжтэй хандахгүй бол эсрэгээрээ өөрийг нь муухай харагдуулаад байна.