ОХУ Киев болон бусад хот, байгууламжууд руу дахин пуужингаар довтолж байгаатай холбогдуулан АНУ Украинд 725 сая долларын нэмэлт зэвсэг болон бусад тусламж илгээнэ гэж Цагаан ордон мэдэгдлээ.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен баасан гарагт хийсэн энэхүү мэдэгдэлдээ, тус тусламжийг "Украины нутаг дэвсгэр даяар энгийн иргэд рүү харгис хэрцгийгээр пуужингаар довтолсоны дараа" болон "Оросын армийн харгислал улам бүр нэмэгдсээр" байгаа учраас гэж онцолжээ.
Түүнчлэн Украины "хамгаалагч нар Оросын армийг түлхэж" байхад АНУ Украинтай нэгдмэл байр суурьтай хэвээр байх болно гэж Э.Блинкен дараа нь твиттер хуудсандаа хуваалцсан байна.
АНУ-ын ээлжит тусламжийн багцад HIMARS (High Mobility Artillery Rocket Systems)-д зориулсан нэмэлт сум багтсан бөгөөд Жо Байдены засаг захиргаа ажиллаж эхэлснээс хойшхи АНУ-аас Украинд үзүүлэх нийт зэвсгийн тусламж 18.3 тэрбум долларт хүргэсэн гэж Батлан хамгаалах яам тусад нь мэдэгдэлдээ дурджээ.
SOURCE: AL JAZEERA