“Ид шидийн орон-3” хүүхэд хөгжил хамгааллын жишиг төв байгуулагдаж, дэлхийн боловсролыг Дундговьд түгээхээр зорьж байгаа талаар Гэрэлтдэг ертөнц ТББ-ын тэргүүн Н.Мөнхзул ярилаа.
“Ид шидийн орон” цогцолборын нэг давхарт байрлах Мagic café-д хүүхдүүд уншсан номоо ярьж өгөөд, баристатайгаа шатар даам тоглоод хожвол үнэгүй сүү уух боломжтой. Энэ мэтчилэн Ид шидийн орны дотоод үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэе.
Энэ талаар Гэрэлтдэг ертөнц ТББ-ын тэргүүн Н.Мөнхзул,
- “Манайд эмо булан гэж байгаа. Хүүхдүүд ганцаараа сууж хичээлээ, даалгавараа хийх боломжтой. Мөн оролцооны хүүхдүүд маань энд ирж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж болно.
- Мөн хичээл эхлэхээс өмнөх цагаар “Эртэч хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн хичээл номоо хийх боломж бүрдүүлсэн.
- Үүгээр зогсохгүй сэтгэл зүйн өрөө гэж бий. Үүний гол онцлог нь, энэ төрлийн хэрэгцээ байгаа, эрсдэлд өртөөд буй хүүхдүүд маань анхан шатны тусламж үйлчилгээ авах юм.
- Манайх сургалтын том танхимаа энтертаймент өрөө гэж нэрлэсэн байгаа. Нэг удаадаа 50 хүртэлх хүүхдийн нэгдсэн сургалт үйлчилгээг авах боломжтой. Энд сайн дурын сургалтууд явуулна. Хүүхдийн хөгжил, хувь хүний хөгжлийн сургалт явуулна гэвэл манай танхим нээлттэй.
- Бидний гол онцлог бол орон нутагтаа байхгүй шинэлэг зүйлийг энд хэрэгжүүлнэ. Бидний алсын хараа бол дэлхийн боловсролыг Дундговьдоо өгөх. Мөн бид “sience өрөө” буюу шинжлэх ухааны өрөөг бий болгосон. Манай нийтлэг хүүхдүүд шинжлэх ухааны талруугаа биш, хэл нийгмийн ухааны чиглэлээр сурдаг. Тэгэхээр бид орон нутгаас инженер төрүүлмээр байна. Үүний суурийг тавих, шинжлэх ухаанд хүүхдийг дурлуулах зорилготойгоор үүнийг эхлүүлсэн гэв.
Харин Ид шидийн орон төслийн сайн дурын ажилтан Ө.Цэрэннадмид дараах мэдээллийг өглөө.
Ид шидийн оронд анх тендерийн материалаас нь эхэлж ажиллаж эхэлсэн. Тендерийн материал гэж өөрөө ч мэдэхгүй байж Дундговьд хэдэн хүүхэд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд байдаг гэх мэтчилэн судалгаа хийж байсан. Үүнийг хийж байхад хүмүүс яг юу хийх гээд байгаа юм. Ид шидийн орон гэж юу юм гэдэг байдлаар хандаж, энэ талаар мэдэхгүй байсан. Хүн болгон намайг юу хийгээд завгүй яваад байгаа юм гэдэг байлаа.
Би одоо 12 дугаар анги. Удахгүй төгсөөд л явна. Төгсөөд явсны дараа энэ надад хамаагүй байж болох ч надад Дундговьд үлдэж байгаа хүмүүс их чухал. Манай дүү нар энд өсөж торнино. Тэгэхээр миний хүсдэг байсан боловсрол намайг явсны дараа энд байгаасай гэж хүссэн. Би хүссэн дугуйлан секцэндээ, байдаггүй болохоор явж чадаагүй. Дүү нар маань үүнийг эдлэх боломжтой болж байгаа нь надад их сайхан байна гэлээ.