Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 5 километрийн зайд нүүрс ачсан 100 жолооч наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж гацжээ. Тодруулбал, Тавантолгой ордоос нүүрс ачин Ханги-Мандалын боомтод хүргэх нүүрс тээврийн жолооч нарыг “Муу замаар зорчиж, тоос босгож байна. Малчид эсэргүүцэж байна” гэх шалтгаанаар замын дунд зогсоожээ. Хамгийн гол нь, тухайн замыг хаана гэдгээ жолооч нарт хэлээгүй, гурвын гурав хоног зам дээр зогсоож, гацааж байгаад гомдолтой байна” гэлээ. Энэ талаар нүүрс тээврийн жолооч С.Бат-Очир манай редакцид хандсан юм. Тэрбээр ярихдаа “Бид Тавантолгой-Ханги чиглэлийн замаараа өмнө нь явж болоод л байдаг байсан. Гэтэл гурав хоногийн өмнө замын дундаас хаагаад зогсоочихлоо. Тавантолгойгоос гарснаасаа хойш гурав хоночихлоо. Цагдаа нар бүх бичиг хурааж аваад явчихсан. Хөдлөөд үзээрэй гээд захирангуй, дарамтлах маягтай л байна. Бид яах учраа олохгүй байна. Ардаа гэр бүлтэй хүмүүс. Өр зээл нэхэгдээд хэцүү байна. Гэтэл бид хэд хоногоор зам дээр гацаад ажлаа алдаж байна. Өмнөговийн удирдлагууд энд ирж, малчидтай уулзсан гэх боловч, бидэнтэй уулзсангүй. Бид ингээд л байгаад байх уу? Холбогдох байгууллагуудад нь дамжуулж өгөөч” гэлээ.
Энэ асуудлыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаас тодруулахад “Жолооч нар зөвшөөрөлгүй замаар явсан. Үндсэн замаасаа 7-8 километр замаар явсан байна. Малчид гомдол гаргасан. Хариуцлагыг нүүрс ачуулсан компани үүрэх ёстой. Жолооч нар компанитайгаа учраа олох хэрэгтэй. Компани нь ч зохих ёсоор цагдаагийн байгууллагадаа хандах байх” гэлээ.